2.15.2012

Шинэ ном: Могол угсаатныг сурвалжилсан нь - Үмэсао Тадао

МОГОЛ УГСААТНЫГ СУРВАЛЖИЛСАН НЬ (Монгол орчуулга)
Зохиогч: Үмэсао Тадао
Орчуулагч:
Бэсүд П. Наранбаяр
Төслийн удирдагч: Туульч-Өөлд Д. Сайнбаяр
Ариутган шүүсэн: Др. Проф. Урианхан Ш. Чоймаа, Олхонууд П. Баярмагнай
Ивээн тэтгэсэн: Цахим Өртөө Холбоо
Орчуулгын эрх © 2011 он Инжинаш хэвлэлийн газар
ISBN 978-99962-885-0-1

Өмнөх үг


Нэгэн цагт дэлхийн хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулж явсан Монголчууд бид манжийн дарлал, коммунизмын дарангуйллын он жилүүдийг ардаа орхиж, хавтгай дэлхийн хөлгүй даяаршлын эринтэй золгож, дэлхийн мэдлэгийн сантай саадгүй харилцах болсноор их түүхээ шинэ өндөрлөгөөс эргэн харж, өөрсдийн үүсэл гарал, туулж ирсэн түүхэн замнал, үндэстний айдентити, онцлог шинж тэмдэгээ хайж эрэлхийлэх жам ёсны шалгууртай нүүр тулжээ.

Чухамдаа 1999 онд АНУ, Их Британи, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад сурч, эрдмийн ажил эрхэлж байсан монгол залуусын үүсгэн байгуулсан Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (www.tsahimurtuu.mn) нь тун удалгүй дэлхийн олон оронд тархан суусан монголчуудын мэдээлэл солилцооны гүүр болсон төдийгүй монгол угсаатан, монголч түмнийг холбосон цахим орон зай болсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч асан Цахим Өртөө сүлжээний мянга мянган гишүүд цахим шуудангийн сүлжээгээр өртөөлж өөрсдийн түүх, соёл, зан заншлын талаар мэдлэгээ солилцож, цэц булаалдаж, чамгүй хэлэлцүүлэг өрнүүлсээр өнөөг хүрсэн нь өнөөх л цаг үеийн шаардлагаар үүссэн их эрэл хайгуулын нэгээхэн илрэл болсон хэмээн бодогдмуй.

2006 онд хуралдсан Их Британий Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” II чуулганаар хэлэлцэгдэн "Цахим Өртөөний нэрэмжит шагнал" хүртсэн Кембрижийн их сургуулийн Др. Дуламын Бум-Очирын “Хайлж буй Дээд Монгол” судалгааны бүтээлийн илтгэлд: "Коммунизм гэдэг томоохон арал живж үгүй болох цагт сүүлийн хэдэн жил бид дэлхийд гарах гүүрээ бэлдэж монгол гэдэг түүнээс ч жижигхэн арал дээрээ жаахан сууцгаалаа. Ингээд бодохлоор бидний орчин үеийн шинжлэх ухаан эзгүй арал дээр байгаад байх шиг санагдана. Барууны олон оронд монгол оюутнууд суралцаж, олон эрдэмтэд айлчилж мэдээлэл солилцож эхэлж буй энэ үед хүмүүс бидний судлаад яриад байдаг олон зүйлийг аль хэдийнээ барууныхан судалчихсан ярьчихсан, харин бид мэдээгүй өнгөрчихсөн байгаатай нүүр тулсан биз ээ. Ийнхүү шинэ соргог мэдээлэлтэй нүүр учрах бүрийдээ олсон, дуулсан, сонссон мэдсэнээ мэргэжил нэгт номын нөхөд, оюутан залуучууд, цаашилбал монгол түмэндээ дуулгаж хуваалцмаар, түгээмээр, дэлгэрүүлмээр санагдах нь хэн бүхэнд тохиолдсон байх. Энэ бол арал дээр байснаа мэдсэний нэгэн илрэл гэлтэй. Энэ бол монгол хүний оюуны чадал сулаас болсон хэрэг биш харин ч нийгэм түүхийн эгзэгтэй нугалаанд хавчигдан хашигдсан бидний аугаа их түүхийн нэгээхэн жижиг хугацаа юм." хэмээсэн нь юутай үнэн.

Энэхүү асар том мэдлэгийн сан, шинжлэх ухааны орон зайг нөхөх Social Anthropology буюу Нийгэм-соёлын хүн судлал нь манай оронд сая дэлгэрч эхэлж буй нь олзуурхууштай.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон нийтийн танин мэдэхүй, боловсролд чиглэгдсэн олон ангит баримтат кино, эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгүүд гарч эхэлсэн нь тун ч сайшаалтай. Тухайлбал oлны анхаарлыг нэлээд татаж чадсан NTV телевизийн "Монголоо хайсан Монгол" цуврал баримтат кино, ТАСАМ ТББ-ын "Тархан суурьшсан Монголчууд" цуврал нэвтрүүлгийг энд дурдаж болно.

Үүнийг тэрлэгч миний бие "Монголоо хайсан Монгол" төслийн хүрээнд Энэтхэг, Афганистан улсуудад баримтат кино хийх ажлаар аялах зуур Афганистаны Кабул хотын Марафат дунд сургууль, Бамиян мужийн уулсын агуйд аж төрөх монгол төрхтэй, монгол хэлний зарим үгс, монгол зан заншлын зарим төсөөтэй чанарыг өдгөө хүртэл тээж яваа хазара үндэстнүүдтэй танилцах завшаан олдож, улмаар Цахим Өртөө Холбоо ТББ-аас шилэгдмэл гурван хазара оюутанд “Цахим Өртөөний нэрэмжит тэтгэлэг” олгосон билээ. Өдгөө эдгээр оюутнууд МУИС-д суралцаж буй бөгөөд хоёр нь гадаад харилцаа, нэг нь антропологийн чиглэлээр амжилттай суралцаж байна.

Тийм ээ, өнөөдөр бид хазарачууд монгол угсаатай эсэх, монголчууд хазарачууд нэг өвөг дээдэстэй эсэх, эсвэл зүгээр л түүхийн нугачаанд хоорондоо холбогдсон ард түмэн эсэх талаар баттай хэлж чадахгүй байна. Эдгээр оюутнууд Монголд суралцаж байгаа нь чухамдаа хоёр ард түмний хоорондын харилцааг, бидний эрэл хайгуулыг шинэ шатанд авчрах нэгээхэн алхам болж, хазара судлалын шинэ салбарын эхийг тавихыг үгүйсгэх аргагүй юм.

Чухам энэ л үест Цахим Өртөөний анд П.Наранбаяр Япон улсын Киотогийн их сургуульд суралцах ахуйдаа сургуулийнхаа номын санд Японы алдарт эрдэмтэн Үмэсоа Тадао гуайн "Могол үндэстнийг сурвалжилсан нь" хэмээх хагас зуун жилийн өмнө бичсэн онц сонирхолтой аян замын тэмдэглэлийг олж уншсанаа хуучилж, улмаар уг бүтээлийг япон хэлнээс хөрвүүлж уншигч танаа хүргэхийг зорьсон билээ.

Инжинаш хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй "Могол үндэстнийг сурвалжилсан нь" номын монгол орчуулга таны оюуныг мялааж, монголчуудын нийгэм-соёлын хүн судлалд бас нэгэн шинэ хуудас нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Номыг орчуулах явцад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Үмэсоа Тадао (1920-2010) гуайд монгол нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийг судалж, улмаар моголчуудын ертөнцийг нээн, монголчууд бидэнд моголчуудын тухай тэмдэглэлээ үлдээсэнд чин сэтгэлээс талархаж байна.

Мөн энэхүү номыг ивээн тэтгэсэн Монгол улсын үнэн хүчит заан Мойл хэмээх Эрдэнийн Зундуй агсаны гэр бүл, төрөл төрөгсдөд гүн талархал илэрхийлье.

Туульч-Өөлд Д.Сайнбаяр
Цахим Өртөө Холбооны УЗ-ийн дарга
2011.03.22

1.23.2012

“ХӨХ ГЭРЭГЭ” УРИАЛГА

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ
“Цахим-Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:


Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.

Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Өдгөө хүчирхэг өвөг дээдсийн үр сад, мах цусны тасархай болох 10 сая гаран монгол угсаатан дэлхий даяар таран сууж байна. Голомтоо сахиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн туршид орчин үеийн дэлхийн жишгээр улс орноо засан төвхнүүлэх ажилд түүртэхийн зэрэгцээ, зуун хорь гаран мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрийг зорьж, юм үзэж нүд тайлах, хөрөнгө хураан амьдралаа тохинуулах, бас эрдэм мэдлэгийг тээн ирж эх орноо хөгжүүлэхээр одоцгоосон билээ.

Монгол хүн манай үндэстэн нэгэн цул, нэгдмэл хүрээ үүсгэн явсан тэр түүхийг бахархан дурсдаг. Монгол хүн хөх толбот ах дүүсээ эх болсон өлгий нутаг, гал голомтдоо эргээд ирэхийг нь битүүхэн хүлээдэг. Түүхийн туршид, үе үеийн монголчууд зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалж ирсэн хүсэл эрмэлзэл энэ. Бид он удаан цөөхүүлээ, буурай явж ирлээ. Бидний хүч чадал дутмаг байв, чухам үнэндээ унтраагүй гал голомтоо арчлан ноцоохоор завгүй явсан гэж хэлж болно.

Тэгвэл эдүгээ цаг нь иржээ. Монгол улс өнгөрсөн 20 жилд ардчилсан зарчмаар улс нийгмийнхээ хууль эрхзүй, эдийн засгийн бүтэц, төр захиргаагаа төвхнүүллээ. Өөрчлөх, засч залруулах зүйл аанай олон хэдий ч, хөгжлийн маш тодорхой ирээдүй, итгэл найдвар бидний өмнө цэлийж байна. Газрын хэвлийд заяасан баялагийг даган уул уурхай хөгжиж, төмөр зам, барилга хот, аж үйлдвэр, цахилгаан станц гээд богино хугацаанд аварга их бүтээн байгуулалт өрнөх гарааны зурхай дээр бид ирж, хэдхэн жилийн өмнө 600 сая долларт багтаж байсан үндэсний эдийн засаг даруй 6 тэрбумд хүрч, жилдээ ДНБ 20 орчим хувиар өсөх боллоо. Манай хүн ам энэхүү нөр бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд тоо дутаж, харийн мэргэжилтэн, ажилчдыг авчрахаас аргагүй байдалд хүрээд байна.

Хөгжлийн энэ алтан боломжийг ашиглаж, мөнх тэнгэрээс хөх тамгатай заяасан язгуур нэгт монголчуудаа дуудъя, тэдэнтэйгээ Монгол тавилан, Монгол ирээдүйгээ хуваалцая. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” ирэхийг зөгнөсөн бол, эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор уриаллаа. Монгол хүний барааг хараад, монгол хэлээр ярихыг сонсоод нулимс дуслуулан байж угтдаг үндэс угсаа нэгт тэр л хүмүүс тэртээ чинадад суун байна. Тэд гал голомт болсон Монгол улсынхаа хөгжил дэвшил, эрх чөлөөт амьдралын тухай сонсоод баярладаг, тэдэндээ итгэл найдвар тээж явдаг юм. Сэтгэлийн тэр нуугдмал шижмийг амь оруулан биежүүлэх цаг иржээ. Сураг сонсоод уйлж суух бус, суудал засч ирээд хамтдаа хөгжих цагийг бид бүтээх ёстой.

Энэхүү хүсэл зоригоор Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцох зорилготой Цахим Өртөө Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн санаагаа цэгцлэн 2011 оны зун “Хөх Гэрэгэ” хэмээх санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Барууны хөгжингүй орнууд эрдэм боловсрол, мэдлэг чадвартай гадаадын иргэдийг эх орондоо суурьшуулан ажиллуулах зорилгоор ногоон картын системийг өргөнөөр нэвтрүүлсэн байдгаас санаа авсан хувилбар юм. Дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь уръя. Ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино.


Энэ үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр хандаж, хялбар сэтгэж болохгүйг та бид сайн мэднэ. Олон зуун жил алслагдсан сэтгэлгээ, хэл яриа, соёлын ялгаа, мөн хүн амын олонд уусан хайлах болзошгүй эрсдлийг тооцохгүй бол горьгүй. Тиймээс дэлхийн монголчуудыг урьж ирүүлэх бодлоготой холбогдуулан Монгол угсаатны талаарх судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засаг-улс төрийн эрсдлүүдийг тооцсон бодлогын загварыг гаргах, энэ сэдвээр олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэх, нийгмийн дунд нэгдмэл үзэл баримтлал бий болгох, хууль эрхзүйн зохицуулалтыг хийх шаардлага урган гарч байна.

ҮҮНИЙ ТУЛД:
“Цахим Өртөө Холбоо” ТББ болон Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээний олон мянган гишүүд дэмжигчид 2011 оны 12 сарын 29 ны өдөр дэлхий даяар тархан суугаа Монголчууд, гадаадад суугаа Монголчуудаа эх нутагтаа эргэн дуудсан МУ-ын Ерөнхийлөгч Ноён Ц.Элбэгдоржийн уриалгыг гүн талархалтай хүлээн авч, дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ “Хөх Гэрэгэ” төсөлд Монгол хүн бүр нухацтай хандан санаа тавьж, өөрийн зүгээс жижиг гэлтгүй боломжит бүх оролцоог нэмэрлэх, уг төслийн хүрээнд нээсэн www.bluecard.mn вэбхуудас болон бусад сувгаар өргөн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бодлогын баримт бичиг боловсруулахад хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА.

”Хөх гэрэгэ” төслийн хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 499 172 343,
Хүлээн авагчийн нэр: "Цахим Өртөө Холбоо" ТББ

2012 он 1-р сарын 23-ны өдөр
-----------
Цахим Өртөө Холбооны тухай

Цахим Өртөө Сүлжээ нь 1999 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон оронд тархсан Монголчууд, монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон хамгийн том, хамгийн ууган имэйл сүлжээ юм. Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачилгаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг. Одоогоор Монгол улс, АНУ, Австрали, БНСУ, Франц, ХБНГУ, ИБУИНВУ, Швейцари, Япон зэрэг орнууд дахь Монголчуудын холбоод, бүлгэмүүд хамтран ажиллаж байна.

Цахим Өртөө Холбоо нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг хуульчилах, АНУ, БНСУ зэрэг улс орнуудад Ажлын яармаг, Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулган зэрэг Гадаадад суугаа Монголчууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Хазара Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, алдарт эрдэмтэн Үмэсао Тадаогийн бичсэн “Могол угсаатныг сурвалжилсан нь” номыг орчуулан хэвлүүлсэн. 1999 оноос хойш Монгол угсаатантай холбогдолтой мэдээ материалуудыг олон түмэнд нийтлэн түгээх ажлуудыг идэвхитэйгээр хийж ирсэн болно.

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу - 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: 976 – 11 – 312920
Имэйл: tsahimurtuuholboo@yahoo.com
Вэб: www.tsahimurtuu.mn

1.01.2012

To All Tsahim Urtuu Members Around The World: Thank You and Happy New Year!

Д.Сайнбаяр. Цахим Өртөө Хoлбооны Удирдах зөвлөлийн дарга. 2011.12.31 - 23 цаг 15-48 минут

Тааж баршгүй шинэ сонин учралууд, хэлж ирэмгүй шинэ боломж, бид бүхний итгэл найдварын түлхүүрийг хадгалсан ШИНЭ оныг сэтгэл догдлон угтан, амжилт бүтээлээр бялхсан хуучин оноо үдэж буй энэ л мөчүүдэд Цахим Өртөөний эрхэм АНД Та бүхэндээ шинэ цагийн ерөөл талбиж, ТАЛАРХАЛ илэрхийлэхийг хүслээ.

Өнгөрсөн 12 жилийн турш Та бүхэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж, Та бүхнээсээ байнга суралцаж, өртөөлөн асаалцсан ТҮҮДЭГ ГАЛ-д цучил өргөлцөж, гэртээ, ажилдаа, дотоод сэтгэл рүүгээ харихдаа нэгэн гэрэлт дэнлүүг тээн харьсaн өдөр болгоны төлөө маш их талархаж байна.

2011 он бол манай Цахим Өртөө Xолбооны хувьд хуучин, шинэ гишүүдээр хүрээгээ ӨРГӨЖҮҮЛЖ, дэвжээгээ ТЭЛСЭН, олон сайхан үйл хэргийг хамтдаа БҮТЭЭСЭН, алдаа оноо холилдсон ч, яах аргагүй ДЭВШИЛТЭТ жил байлаа.

Өнгөрөгч онд бид хамтдаа Цахим Өртөө Холбооны алсын харааг хүссэн, зорьсон, хийсэн ажлуудаараа илүү тод томруун болгож, гишүүнчлэлээ улам чанаржуулснаас гадна уламжлалт төслүүдээ үргэлжлүүлж, шинэ шинэ үйл хэрэг эхлүүлсэн амжилт дүүрэн оныг үджээ.

УИХ-ын Сонгуулийн хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ соёрхон батлаж, Гадаадад Суугаа Монголчуудын Сонгуулийн эрхийг Сонгуулийн хуульд тусган оруулсан нь Цахим өртөөчид бид хамтдаа өнгөрсөн 8 жилийн турш санаа бодлоо уралдуулж, төрийн удирдлагад уриалж, тэмцэж ирсэн уйгагүй хөдөлмөрийн маш том үр дүн, бид бүхний ЯЛАЛТ боллоо. Энэ бүхнийг 8 жилийн өмнө БОЛОЛЦООГҮЙ гэж үзэж байсан хүмүүс манай нийгэмд олон байв. Харин энэ бүхэн БОЛОЛЦООТОЙ гэдгийг бид нотолж чадлаа.

Өндөр технологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох эрхэм зорилготой Цахим Өртөө Дээд Сургуулийн үндэс суурийг тавьж, Холбооны гишүүд дунд анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явуулж дууслаа. Гадаадад суугаа Монголчуудын төлөөлөлөөс бүрдсэн Цахим Өртөөчид бид Монголын боловсрол, мэдлэгийн салбарт ОЮУНЫ БОЛООД МӨНГӨН ШУУД ХӨРӨНГӨ оруулалтыг ХАМТДАА хийж чадсан нь бусад гадаадад суугаа Монголчуудад үлгэр жишээ болсон, тун онцлог, түүхэн явдал болжээ.

Цахим өртөөний нэрэмжит тэтгэлэгт гурван хазара оюутан маань Mонгол хэлний бэлтгэл анги, 1-р ангиа тус тус 2 жил дараалан амжилттай дүүргэж, Монгол оронд 3 дахь жилдээ МУИС-ын 2-р ангид элсэн суралцаж байна.

Мөн могулчуудын тухай өгүүлсэн Үмэсао Тадао гуайн бичсэн "Могул угсаатныг сурвалжилсан нь" ном олон нийтийн хүртээл болсон нь Монгол туургатны түүх соёлыг олон нийтэд таниулах нэгэн чухал алхам болжээ.

Их Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан 100 жилийн ойн баярт өдөр, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхий даяар тархсан Монгол туургатнаа Монгол орондоо ирж ажиллаж, амьдрахыг урьж, уриалсан нь бид бүхний өртөөлөн хэлэлцдэг ХӨХ ГЭРЭГЭ төслийн үйл хэрэгт нийцсэн түүхэн явдал болж, Цахим Өртөөчдийн хувьд баярын хур нэмсэн мэдээ байлаа.

Айсуй 2012 онд шинээр эхэлсэн үйл хэргийнхээ хөгжил, өрнөлийг амжилттай мaнлайлан чиглүүлж, амжилт, бүтээл болгох эрч хүчээр бялхсан жил байгаасай хэмээн хүсч байна.

Ингээд өнгөрөгч онд Холбооны зүгээс хийж ирсэн хамтын үйл хэрэгт мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, хоёргүй сэтгэлээ зориулж, дэм дэмэндээ МӨР ЗЭРЭГЦЭН АЛХАЖ, ХАМТДАА ХИЙЖ БҮТЭЭСЭН ӨРТӨӨНИЙ АНД Tанд чин сэтгэлээс талархал илэрхийлье!

Шинэ ондоо ЦАХИМ ӨРТӨӨЧИД бид жанжин шугамаа хадгалсан хэвээр байж, нийгмийн өмнө хүлээхээр шийдэж, зорилгоо болгосон үйл хэрэгтээ хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

2012 он Таны хувьд ажил амьдралын бүх талбарт амжилт бүтээлээр баялаг, ТУУЛАЙ шиг хурдтай, ЛУУ шиг эрч хүч дүүрэн жил байх болтугай!

Танд болон Таны гэр бүлд угтан золгож буй ШИНЭ ЦАГИЙН халуун мэндийг өргөн дэвшүүлье!

12.22.2011

Гадаадад суугаа Монгол Улсын иргэдийн Сонгуулийн эрх хуульчлан баталгаажлаа!

Гадаадад суугаа Монголчуудын Цахим Өртөө Холбоо ТББ-ын гишүүд, дэмжигчид нь гадаадын улс орнуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон Сонгуулийн Эрхийг эдлүүлэхийн төлөө сүүлийн 9 жилийн турш тасралтгүй ажиллаж, Ерөнхийлөгч, улс төрийн намууд, Засгийн Газар, УИХ, Сонгуулийн Ерөнхий Хороо, улс төрийн бүхий л намуудад олонтоо хандаж, санал бодлоо илэрхийлэн, тууштай тэмцэж ирсэн билээ.

Гадаад улс орнуудад суугаа 120,000 гаруй буюу нийт сонгогчдын 10 гаруй хувийг бүрдүүлж буй Монгол иргэддээ сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх нь ардчиллын тулгуур зарчимд нийцэж, улс төрийн эрүүл, ил тод, нээлттэй байдалыг баталгаажуулах ач холбогдолтой билээ. Монголын нийгмийн томоохон давхарга болсон эдгээр иргэдийн үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн үзэж Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.8-д “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэж хуульчлан баталсныг Өртөөчид бид талархан хүлээн авч байна.

Цахим Өртөө Холбоо ТББ болон гадаадад суугаа иргэд, холбоодтой гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжиж, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн З.Энхболд , Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар нарт болон дэмжиж санал өгсөн нийт гишүүдэд гүн талархал илэрхийлье.

Цахим Өртөө Холбоо ТББ
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
tsahimurtuuholboo@yahoo.com
www.tsahimurtuu.mn

12.08.2011

Д.Сайнбаяр: Монгол бол "ДОГОЛОН" aрдчилалтай орон

Зууны Мэдээ сонин - 2011.12.09 Пүрэв -No 290 (3980)

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг парламентаар ид хэлэлцэж байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй 150-200 мянган монголчуудынхаа эрхийг эдлүүлж сонгуульд саналаа өгдөг болгох тухай хэд хэдэн парламент дамнан ярьж буй боловч өнөөг хүртэл үр дүн гарсангүй. Удахгүй батлах гэж буй Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгад ч энэ тухай ямар нэг өгүүлбэр тавихгүй нь тодорхой болсон юм. Гадаад дахь монголчуудын тухай, тэдний санал өгөх эрхийн талаар гадаадад суугаа монголчуудын “Цахим Өртөө Xолбоо” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Д.Сайнбаяртай ярилцлаа.

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрхийн талаар гурван ч парламент дамнан хэлэлцэхийг хүссэн боловч үр дүн гарсангүй. Та энэ сэдвээр нэлээд олон удаа дуугарсан. Энэ удаад ч бас ахиц гарахгүй нь дээ?

- Манай холбооныхон сүүлийн хоёр, гурван парламент дамнан энэ тухай ярьж бичиж, нийтлэж, уриалж ирлээ. Эхэн үедээ гадаадад байсан ч сонгууль өгөх эрхтэйгээ манайхан мэддэггүй, ач холбогдолыг нь ойлгодоггүй байв. Харин сүүлийн хоёр, гурван жил нийгэм нийтээрээ энэ чинь юу билээ гээд анхаарал тавьж эхэлсэн. 2000 оноос хойш Монголчуудын гадаад руу чиглэсэн миграци маш эрчтэй өрнөсөн. Тэгэхээр тэдний сонгуулийн эрхийн асуудал нь амьдралаас урган гарсан бодит шаардлага гэж хэлж болно. Бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг АНУ-д, Ерөнхий сайд асан С.Баярыг Европод аялах үед тус тус биечлэн уулзаж, за тэгээд УИХ-ын бүх гишүүдэд олон удаа албан бичиг, уриалга явуулж ирсэн. Ардчилсан Нам, ИЗНН-тaй хамтын ажиллагааны санамж бичиг ч зурсан. Харин өнгөрсөн парламентаас Сонгуулийн ерөнхий хороонд энэ асуудлыг зохицуул гэсэн заалтыг хуульд оруулж өгсөн боловч буцаагаад авчихсан юм. Сонгуулийн ерөнхий хорооныхон бүртгэл, хөрөнгө мөнгөнөөс болоод эрх зүйн хувьд боломжгүй гэсээр ирсэн. Энэ удаад мажоритараас пропорциональ агуулга бүхий тогтолцоо руу шилжиж байгаа учраас сонгуулийн тогтолцооны хувьд гадаадад байгаа монголчууд санал өгөх боломж бүрдсэн гэсэн үг.

-Гэвч гадаад дахь монголчууд санал өгөх тухай заалт шинээр батлагдах гэж буй Сонгуулийн хуулийн төсөлд алга байна лээ?
- УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат нартай яг танийг орж ирэхээс өмнө твиттерээр холбогдож энэ талаар ярилцаж байлаа. З.Энхболд гишүүн энэ удаагийн хуульд тусгагдсангүй гээд байгаа, харин Д.Энхбат гишүүн болчихсон, зөвхөн намын жагсаалтаар өгч болно гээд байгаа. Ядаж нам дугуйлах эрхтэй сонгуулийг нь ч гэсэн өгмөөр байгаа юм. Хоёр, гурван хувилбар ярьж байгаа ч яг алинаар нь шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Манай хууль боловсруулах үйл явц нээлттэй биш байгаа нь харагдаж буй хэрэг. Харин бид твиттерээр лоббигоо үргэлжлүүлж л байна. Дашрамд хэлэхэд Монголд ЛОББИ гэдэг үг маш буруу ойлголтоор нутагшсан. АНУ-д лоббигийн тухай хуультай байдаг. Монголд байхгүй. Иргэний нийгмийн төлөөлөл болсон Цахим өртөө жишээ нь уг асуудлаар 10-аад жил лобби хийж байна шүү дээ. Лобби бол эрүүл, цэгцтэйгээр төрийн бодлогод нөлөөлөх гэсэн иргэд, сонирхлын бүлгийн эрх ашгийн ийн дуу хоолой. Гол нь нээлттэй байх ёстой юм. 10 -аад жилийн лоббины дараа одоо л үр дүн гарах эсэх нь харагдаж байна. Тэгэхээр лобби гэдэг бол муу зүйл биш.

-Монголдоо байхгүй хэдийнхээ саналыг авахад гол саад нь юу байдаг юм бол?

-Гурван зүйл байсан юм. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, иргэдийнхээ бүртгэлийг хийх, эцэст нь мөнгө. Дээрх асуудлууд бүгдээрээ шийдэгдсэн. Бүртгэлээ хийчихсэн. 106 мянган монголчууд бүртгүүлсэн шүү дээ. Цаана нь бүртгэлгүй 40, 50 мянган иргэн бий гэсэн судалгаа байдаг. 150 мянган монголчууд гэдэг нийт сонгогчдын 10 хувь. Гэтэл энэ хоёр намын нэр дэвшигч нөхдүүдийн ялалт, ялагдал нь хэдхэн зуун хүний л саналын зөрөөн дээр байдаг. Тэгэхээр нарийн ярих юм бол аль нам нь олонхи байх вэ гэдгийг шийдвэрлэх хэсэг нь гадаадад байна гэсэн үг. Сонгуулийн тогтолцооны хувьд боломжтой болсон. Үлдсэн асуудал нь мөнгө. Уучлаарай, одоо мөнгө асуудал биш. Хэдэн жилийн өмнөх төсөв өнөөдрийн Монгол Улсын төсөв хоёр огт өөр. Монголын төр хамаагүй баян болсон. Тэгэхээр ямар ч саад, шалтаг байхгүй гэсэн үг.

-Гадаадад гарсан нутаг нэгтнүүд маань саналаа өгөхийн ач холбогдлыг та юу гэж тайлбарлах вэ?

-Тэд сонгуульд санал өгч эхэлснээр Монголын улс төр эрүүлжих процесст том ахиц гарна, нээлттэй ил тод болно. Төрийг хянах иргэдийн оролцоо нэмэгдэнэ. Тэдний саналыг авахын тулд нэр дэвшигчид бүх мэдээллээ ил болгож, интернэтэд тавина. Худал амлаад, худлаа бураад, 10 000 төгрөг тараагаад байж чадахаа болино шүү дээ. Энэ хүмүүс чинь тухайн байгаа орныхоо хөгжил дэвшилийг үзчихсэн, ядаж л нэр дэвшигчдийн хэн нь юу яриад байгааг ялгана. Шууд хэлэхэд ходоодоороо бус оюунаараа сонголт хийх улсууд гадаадад бий. Манай дундаж ба үүнээс дээш давхрагынхан гадаадад гарчихсан сурч, ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр энэ хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байх сонирхол хоёр намд байгаа юу гэдэг асуудал ургана. Нэлээд улстөржүүлж харвал МАН-д бол байхыг үгүйсгэхгүй. Гадагшаа гарсан хүмүүсийн олонхи нь ардчилсан, либераль үзэлтнүүд байх магадлал маш өндөр. Юу гэвэл 150 000 гэдэг чинь АН эсвэл МАН намын нийт гишүүд, эсвэл Монголын бүх оюутнуудтайтaй дүйцэх тоо. Монголын бүх оюутнуудыг сонгуульд оролцуулахгүй гэвэл ямар юм болох вэ? Тиймээс МАН-ынхан энэ хүмүүсийг үл ойшоох улс төрийн агуулга бий гэж ойлгож болно. Саяхан хойд хөршид болсон төрийн ДУМ-ын сонгуульд дэлхийн 145 оронд байгаа оросууд саналаа өгснийг хэвлэлээр дамжуулж байна. Гэтэл манайхан таг чиг. Нэг үндэстний 10 хувь нь гадаадад амьдардаг Монголоос өөр орон дэлхийд тун цөөн. Орос орон асар уудам нутагтай, асар олон сая хүн амтай мөртөө иргэн бүрийнхээ оролцоог хүндэтгэн үзэж байна. Гэтэл монгол орон маш цөөн хүн амтай. Цөөн хүн амтай дээрээ иргэдийнхээ 10%-ын саналыг огт тооцохгүй явж ирлээ. Угтаа нэг орос хүний саналаас, нэг монгол хүний төрд оролцох жин, өөрчлөлт авчрах боломж нь илүү юм. Энэ онцлогоо харсан ч бид сонгуулийн хуульд энэ хүмүүсийн оролцоог оруулах, нэмэлт өөрчлөлтийг өөр аргагүй байгаа юм. Би хувьдаа хэд хэдэн гишүүдэд талархал илэрхийлмээр байдаг. УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Энхбат, С.Оюун, Н.Энхболд нар энэ асуудлыг эртнээс дэмжиж ирсэн. Ямар хүмүүс энэ асуудлыг дэмжиж байгаа нь харагдаж байгаа биз. Эрүүлээр сэтгэдэг хэсэг нь бий. Бусад нь чихээ бөглөөд сууж байна.

-Технологийн дэвшил, бололцооны хувьд гадаадаас санал авахад боломжтой болсон гэж үзэж болох уу?

-Болно. Асуудалгүй байна шүү дээ. Хурууны хээгээр баталгаажсан бүртгэлээрээ интернэтээр саналаа өгч болж байна. Үүнийг одоогоор боломжгүй гэхэд шуудангаар болон Элчин сайдын яамд Консулын газраар дамжуулан сонгууль өгөх бүрэн боломжтой. АНУ-ын Вашингтон хотод гэхэд л 5000 монгол хүн байна. Энэ бол манай нэг багахан сумын хүн амаас хамаагүй илүү олон хүн гэсэн үг. Нийт монголчууд 150 мянга гэж үзвэл манай хүн ам дундаж 3-4 аймагтай дүйнэ. Энэ хүмүүс эх орон, гэр бүлээсээ хол жаргах гэж явсан юм биш. Мянганы сорилын сангаас илүүтэй манай эдийн засагт жилд 200-300 сая ам.долларын бэлэн мөнгийг тэд л шилжүүлж байна. Улаанбаатарт баригдаж байгаа орон сууцуудыг хэн авч байгаа юм, ах дүү нартаа хэн машин авч өгч байгаа вэ. Хөгжлийн ийм эгзэгтэй үед монгол улс гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахгүй, эрхийг нь зөрчөөд байж болохгүй. Гадаадад байгаа нь тэдний буруу биш шүү дээ. Ерөнхийдөө ямар ч улс орон сонгуулиа шударга хийж чадвал нийгмийнх нь ардчилсан, эрүүл байдлын итгэлцүүр болж байдаг. Сонгуулийн үйл явцаас улс орны үнэт зүйлс, ардчиллын баталгаа нь харагддаг. Тиймээс манай ардчилал бодитой юу, үгүй юу гэдэг Монгол Улсын хувьд маш том анхаарлын тэмдэгтэй байна. Манай гишүүд улс төрийн эр зориг гаргаж, универсал шийдвэр гаргаач, нийгэм, залуучуудынхаа хурдаас битгий хоцрооч л гэж хэлмээр байна.

-Элчин сайдын яамдаар дамжуулан сонгууль явууллаа гэхэд Солонгос, АНУ-д байгаа монголчуудын тоо л 60 мянгад дөхөх юм биш үү?

-АНУ-д 20 гаруй, Солонгост 30 гаруй мянга байна. Америкт F1, J1 визтэй оюутнууд 7000 бий. МУИС-д сурч байгаа оюутны тооноос бараг илүү байгаа биз. Энэ бол маш сайхан мэдээ. Энэ олон залуучууд гадаадад дэлхийн төвшний мэдлэг эзэмшиж байна гэсэн үг. Ийм байхад гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг манай төр засгийнхан орхисоор өнөөг хүрч байна. Сайн дурын хэдэн холбоод л юм хийж байгаа харагддаг. Миний бодлоор тэдний саналыг авна гэдэг эргээд тэднийг эрх оронд нь авчрах хар хайрцагны бодлого байх ёстой. Энэ төр миний саналыг авдаг юм гэж боддог хүн өөр байна шүү дээ. Тэгэхгүй бол монголчууд олноороо цагаачилж байна, олон хүүхэд эрлийзжлээ. АНУ-д л гэхэд 1000 монгол хүүхэд төрсөн байдаг. Тэд монгол хэл, соёлоо мартаж байна. Mөн л бусад шиг АНУ-д 10-аад жил амьдрахдаа Монголчуудынхаа туулж буй зовлон бэрхшээл, бодит амьдралыг би сайн мэднэ. Харин Монголдоо байгаа хүмүүс тэдний зовлонг бас сайн ойлгодоггүй тал ажиглагддаг. Одоо АНУ-д байгаа монголчууд нэгдсэн холбоотой. Европ дахь Монголчуудын холбоо хэд хоногийн өмнө байгуулагдлаа. Тэд Цагаан сар, Наадмаа тэмдэглээд, эрдэм шинжилгээний хурал хийж, Монгол хэл соёлоо авч үлдэх зүйлсийг иргэдийн сайн дурын оролцоогоор чадах чинээгээрээ хийж байна. Энэ хүмүүсийн саналыг огоорч боломгүй байгаа юм.

-Гадныхнаас саналыг нь авах зардлыг яг хэд гэж тооцдог юм бэ?

-Гадаадад байгаа монголчуудаас санал авахад хоёр сая ам.доллар хэрэг болно гэж СЕХ 4 жилийн өмнө хэлж байсан. Ийм мөнгө бидэнд байхгүй гэж ярьж байсан. Одоо өссөн байж болно. Гэхдээ л мөнгөний хувьд юу ч биш. 20 ширхэг Ланд Круйзер. Төсөвт тусгасан олон их наяд төгрөгөөс энэ ардчилсан нийгмийн суурь болсон ЧӨЛӨӨТ СОНГУУЛЬ-д 10 тэрбум төгрөг зарахад ардчиллын үзэл санааг дэвшүүлсэн грекийн гүн ухаантнууд лав баярлах байх. Улаанбаатараас 50 хүн л хуваагдаад 10 газар руу ниснэ биз. Энэ асуудал биш. Намууд өөрсдөө мөнгөө гаргана шүү дээ.

-Гадаадад байгаа монголчуудыг нэг тойрог болгож УИХ-д төлөөлөлтэй байлгах хувилбарыг зарим хүмүүс ярьдаг юм билээ?

-Нэг биш нэлээд хэдэн тойрог болох боломжтой. Манай хамгийн цөөн хүн амтай аймгийг хэд нугалахаар хүн гадаадад байна. Гишүүд хоорондоо хэдхэн зуун хүний зөрөөгөөр ялж, ялагддаг. Ийм байтал гадаадад байгаа монголчууд жинхэнэ санал хуваагч, сонгуулийн дүнг өөрчлөх хүмүүс л дээ. Тэгэхээр Ази, Европ, АНУ-ыг харьяалсан гурван тойрог ч байж болно. Гадаадад байгаа сонгогчдын төлөөлөл нь их сонирхолтой бүтэцтэй. Ерөнхийдөө дундаас дээш төвшний хүмүүс тэнд байгаа. Гэтэл эх орондоо байгаа сонгогчид дунд өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс олон бий. Тэдэнд 1,5 сая төгрөгийн амлалт сайхан сонсогдоод байна. Гэтэл гадаадад байгаа хүмүүсийн хувьд энэ мөнгөө цуглуулаад нэг ч гэсэн эмнэлэг баримаар байна гэж ярьдаг. Ийм их ялгаа байна. Улаанбаатарт иргэд цэцэрлэгт хүүхдээ өгөхөд хүртэл авлига өгдөг гэж гадуур яриад байна шүү дээ. Иргэдээ хүртэл авлигачин болгодог ийм нийгэм, төр байна. Дахин хэлэхэд УИХ-ын бүх намын дарга нар, гишүүд нарт уриалмаар байна. Гадаадад суугаа иргэд тань үндсэн хуулиар олгосон сонгох эрхээ эдэлж чадалгүй 20 жил боллоо. Тэднийхээ сонгуульд оролцох эрхийг баталгаажуулж өгнө үү. Хэрэв үгүй бол бид “доголон” ардчилалтай орон хэвээр үлдэх болж байна.

-Гадаадад байгаа монголчуудад зориулж Засгийн газар “Зөгийн үүр” гэдэг хөтөлбөр гаргасан шүү дээ. Үүнийг та юу гэж үзэж байна. Өгөөжөө өгөх болов уу?

-Санаа нь бол зөв. Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл гэж байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл. Уг байгууллагын суурийг тавьсан С.Баяр ерөнхий сайдад харин талархах ёстой. Гэхдээ уг төслийн үйл ажиллагаа нь байгаа олохгүй байгаа юм болов уу. Яаж тэднийг татах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Гадаадад төгсөөд ирсэн хүнийг өндөр цалинтай ажилд авч байгаа хувийн хэвшлийг татвараар дэмждэг, орон байраар дэмждэг байх гэх мэт томоохон өөрчлөлтүүд хийгдэх шаардлагатай. Гэхдээ энэ чиг рүү ажил хийгдэх байх аа. Cайн мэдээ гэвэл гадаадаас Монгол руугаа буцан ирэгсэдийн тоо жилээс жилд өсч байна. Сайн боловсон хүчний хувь нэмэр Монголын нийгмийн бүх салбарт дутагдаж байгааг тэд нөхөх болно шүү дээ.

Ярилцсан сэтгүүлч Ө.Батхүү

11.08.2011

УИХ-ын эрхэм гишүүдэд хүргэх ил захидал

Гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгох эрхийг хуульчлан баталгаажуулъя!

Ардчилсан хувьсгалын ачаар Монголыг дэлхийгээс заагласан төмөр хана нурж, Монголчууд бид барууны ертөнцөд сурч, ажиллаж, боловсрох үүд хаалга нээгдсэн. 20 жилийн дараа эргэн харахад өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт нэг зуун тавин мянга гаруй монголчууд сурч, ажиллаж, амьдарч байна. Нийт сонгогчдын дор хаяж 10%-ыг бүрдүүлж буй эдгээр иргэд жилд 250 сая доллар эх орондоо илгээж, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж ирлээ. Харин ард суугаа ах дүү, хамаатан саднаа тэтгэж, тэжээж ирсэн гадаадад суугаа бидний монголчууд Үндсэн хуулиар олгогдсон төр улсынхаа хэргийг зөвшилцөн хэлэх онцгой эрх болох сонгуулийн эрхээ эдэлж чадаж байгаа билүү?

1999 онд дэлхийн олон оронд суугаа Монголчуудын үүсгэн байгуулсан Цахим Өртөө Сүлжээ болон Цахим өртөө Холбоо ТББ нь 2002 оноос хойш гадаад улсуудад оршин суугаа Монголчуудынхаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийн хууль зүйн баталгааг хангуулах, хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн төлөө, ардчилсан чөлөөт сонгуулийн Үндсэн хуулиар баталгаажсан суурь зарчмуудын нэг болсон “сонгуулийн бүх нийтийн” байх зарчмыг хангуулахын төлөө тууштай тэмцэж, УИХ болон түүний гишүүд, Засгийн газар, Сонгуулийн Ерөнхий Хороонд хандаж, санал бодлоо илэрхийлж, шахан шаардаж ирсэн билээ.

Багагүй хүчин чармайлтын дүнд 2005 онд МУ-ын Сонгуулийн хуульд өөрчлөлт орж, Үндсэн хуулиар олгогдсон гадаадад суугаа Монголчуудын сонгох, сонгогдох эрхийг Сонгуулийн хуульд тусгасан боловч 2007 оны 12 сард УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тухайн үеийн УИХ зарим нэг үл бүтэх төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Үндсэн хуулийн дээр дурдагдсан суурь зарчмыг зөрчин, хасаж шийдвэрлэсэнд бид тун их харамсдаг.

Эдүгээ УИХ-аар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан бид гадаад улсуудад оршин суугаа 150,000 орчим буюу нийт сонгогчдын 10 орчим хувийг бүрдүүлж буй Монгол улсын иргэдийн сонгох эрхийг хуульчлан баталгаажуулж өгөхийг дахин хүсэмжилж, энэхүү ил захидлыг илгээж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэн дэмжигдсэн саналуудыг тусган боловсруулж, эцсийн хэлэлцүүлэгт оруулж буй төслийн 6-р зүйлийн 6.7. дахь заалтад “Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульд оролцуулахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ” гэсэн агуулгатайгаар оруулсан байгааг бид талархан дэмжиж байна.

Учир нь бид уг заалт нь энэ агуулгаараа батлагдвал хууль зүйн хувьд нэгд, гадаад улсуудад оршин суугаа монгол улсын иргэдийг эх орондоо байгаа сонгогчдын адилаар УИХ-ын сонгуульд оролцон, саналаа өгөх эрхийг баталгаажуулж байгаа явдал, хоёрт, Сонгуулийн ерөнхий хороо болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд үүрэг болгосон заалт учраас 2008 оны үйл явц шиг элдэв арга, шалтагаар саад хийх, хэрэгжүүлэхээс татгалзах боломжгүйгээр хийгдсэн зохицуулалт болох юм байна хэмээн ойлгож байна.

“Цахим Өртөө Холбоо”-той гадаад улсуудад оршин суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн эрхийг хуульчлан баталгаажуулахын төлөө анхнаас нь дэмжин, хамтран ажилласан МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Иргэний Зориг-Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, тус намын тэргүүн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, З.Энхболд нарт болон бусад бүх дэмжигч гишүүдэд гүн талархал илэрхийлье.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Бид та бүхнийг Үндсэн хуулиар тунхагласан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго, чөлөөт ардчилсан сонгуулийн бүх нийтийн байх суурь зарчимд үнэнч гэдэгд тань итгэж, гадаад улсуудад оршин суугаа сонгогчдынхоо сонгох эрхийг хуульчлан баталгаажуулж, 2012 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломжийг бүрдүүлж өгнө гэдэгт гүнээ найдаж байна.

Бид энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн бөгөөд эдүгээ хэлэлцэгдэж буй УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга бидний хүссэнчлэн, Үндсэн хуулийн агуулгад нийцсэн байдлаар батлагдвал хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтнуудай ч нягт хамтран ажиллаж, чадах хэрээрээ дэмжихээ илэрхийлж байна.

Эрх чөлөөт, ардчилсан Монгол эх орон минь мандан бадрах болтугай!


Цахим Өртөө Холбоо ТББ
Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920
И-мэйл: tsahimurtuuholboo@yahoo.com, holboo@tsahimurtuu.mn
Вэб: www.tsahimurtuu.mn

9.30.2011

Унших номын нэрс ба уран зохиолын тухай хэдэн үг

Энэхүү блог нийтлэлд блог, твиттерээр (хамгийн сүүлд @Oyuniierel) болон хувийн цахим шуудангаар залуус ямар ном унших вэ гэсэн асуулт-хүсэлт өнгөрсөн хугацаанд цөөнгүй ирсний хариу болгож, Монгол залуусаа уншаасай гэж бодсон зарим уран зохиолч, тэдний зарим бүтээлийг жагсаалаа. Мөн Цахим Өртөө Дээд Сургуулийн либерал артс хөтөлбөрийн агуулгад нэмэр болоосой хэмээн хүснэм.

Энэ удаад гадаадын 10 уран зохиолч, тэдний бүтээлийг (fiction) жагсаав. Дараа дараагийн жагсаалтаа non-fiction (уран зохиолын бус), түүхийн гэх мэтээр ялгаж жагсааж болох юм. (заваараа). Бас Монголын түүх, Монгол номуудыг тусад нь жагсаавал зүгээр. Харин уг жагсаалтуудыг баяжуулахад Мэдлэгийн капитализм номын дугуйлан, Цахим өртөө холбооны гишүүдийн оролцоо чухал.

Хэт олон ном, зохиолч жагсаахыг зорьсонгүй. Мэдээж хүн хүн өөрийн ертөнцөөр янз бүрийн жагсаалт гаргах боловч доорх жагсаалтыг ахлах сургуулийн 12-р анги, коллеж, их сургуульд Америкийн чөлөөт боловсролын системийн хүрээнд (Аmerican liberal education) заадаг, танилцуулдаг, бас өөрийн сонирхлын үндсэн дээр сонгож уншсан, залууст илүү сонирхолтой, нүсэр бус номуудаас сонгов. Hом их уншдаг хүмүүсийн дэргэд, тэртусмаа ном уншиж, бичиж хоолоо олж иддэг хүмүүсийн хажууд миний уншсан зүйлс бол маш өчүүхэн, ичмээр юм. Зөвхөн хүмүүс асуусан болохоор өөрийн хэмжээнд жагсааж, бас уран зохиолын тухай ойлголтоо хуваалцаж буйг болгооно уу.

Доорх суутнууд бол орчин цагийн нийгэмд асар их таашаагддаг зохиолч, суут ухаантнууд бөгөөд тэдний бүтээлүүд цагийн уртад классик болсон учир бас зориудаар өөр өөр цаг үе, нийгмийн төлөөлөл болгож оруулсан. Зүгээр жагсаахаас гадна та бүхний сонирхлыг өдөөх үүднээс тухайн ном, зохиолчийн талаар хачир нэмлээ. Ингэвэл надад ч сонирхолтой байх болно.

Бүгдийг нь Америкт байхдаа унших аядсан (зохиогчийн хэлэх гэсэн тэр олон санааг бүгдийг хэн нэг хүн, тэртусмаа би ойлгосон гэдэгт итгэхгүй байна. Дахин дахин унших хэрэгтэй байх иймд) тул тэр нийгмийн нөлөөн дор нэлээд америкжуу жагсаалт гарсан байхыг үгүйсгэхгүй. Нэг ёсондоо Герман, Японд төгссөн, тэнд амьдарсан хүн арай өөр жагсаалт гаргах байх. Энэ бол эргээд улс орон бүр өөрийн гэсэн үндэсний онцлог бүхий боловсролын системтэй байдагтай холбоотой.

Харин Монголын мэдлэгийн нийгэм бол уран зохиолын талбарт ч тун хоцрогдолтой байсан гэж би үздэг. Хэн нэгний буруу гэхээсээ илүүтэй бид Зөвлөлтийн дагуул орон байсантай холбоотой. 1988-1998 оны буюу 90-ээд оны ЕБС-ын сурагч байсан бидний үеийнхэнд уран зохиолын хичээлд Зохиолч нарын намтар, заримын нь бүтээлийн ТУХАЙ их ярьдаг байсан болохоос ЭХ ЗОХИОЛ-ыг нь уншуулах тал дээр маш дутмаг байсан санагддаг. Харин манай дээдэх үеийнхэн бол уран зохиолыг биднээс илүү уншиж өссөн, энэ талаараа хавьгүй илүү боловсорсон хүмүүс юм байна гэж бодогддог. Багадаа Монтэ Кристо Гүн, Жэймс Хэдли Чэйз, Шерлок Xолмсын цувралыг унших тун дуртай, хамгийн анх Өнчин ботго гэдэг домгийг 3 дугаар ангийн уран зохиолын хичээлээр уншаад өнчин ботгыг өрөвдөж уйлж билээ. Уран зохиолтой анх тэгж л танилцсан. Дунд ангид байхад манай хөрш зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар ах манайд хайрцагтай номоо хадгалуулж, тэндээс Эдип хаан, Гамлет зэрэг монгол орчуулгуудыг унших завшаан гарч байсан. Хожим Эдип хаан бол Oedipus the King зохиол байсныг сүүлд анзаарсан. Гүрбазар ах номоо манайд түр хадгалуулсанд нь одоо ч баярладаг.

(Ялдамд өгүүлэхэд Монголын бага сургууль, дунд сургуульд үзэх хүүхдийн уран зохиолын жагсаалтыг Хөх Дэвтэр хэвлэлийн газар мэдлэгийн салбарт тэргүүлдэг орнуудын боловсролын системд суурилж, тун давгүй жагсаалт гаргасан байдгийг Боловсролын Яам анхааралдаа аваасай хэмээн хүснэ.)

Доорхи зохиолууд одоо л аль XXI зуун гарсан хойно Монгол хэлнээ хөрвүүлэгдэж буй нь өөрөө манай нийгмийн хөгжлийн нэг итгэлцүүр болж байна. Нэг ёсондоо манай зохиолч, дуун хөрвүүлэгч, олон нийтэд унших, бичих, туурвих ажил нэн их байна гэсэн үг.

Дараах жагсаалт бол ямар нэгэн урьтамж (priority), зорилтот дараалал байхгүй, өөрийн санаанд бууж байгаагаар л бичлээ.

Albert Camus - The Stranger - (Монголоор орчуулагдаагүй байх. Гэхдээ Харь хүн гэж би орчуулах дуртай, манайхан нэрийг нь энэ тэнд дурдахдаа алдаж орчуулсан харагдсан. Миний хамгийн дуртай ном. Камю бол эксистенциализмийн нэртэй төлөөлөгч, бүтээлүүдээрээ Нобелийн шагнал хүртсэн ч шагналаасаа татгалзсан. Камюг уншвал хүссэн хүсээгүй Сартр руу орно)

Jean Paul Sartre - Nausea - (Oгиудас нэрээр орчуулагдсан гэж дуулсан, энэ бол дэвшил. Бас л алдартай философич, эксистенциалист. 2000-аад он хүртэл Камю, Ницшэ, Кафка, Фройд ч юм уу одоо яригдаж буй нэрс Монголд дуулддаггүй байсан. Харин Сартрын жүжгүүд монголд 90-ээд онд Найдандорж найруулагч нарын зүтгэлээр тавигдаж байсан санагддаг. Сартр анх Симон де Бовуартай Парисын их сургуульд элсэх шалгалт дээр оочерлож зогсч байгаад танилцаад, хоюулаа тэр жилээ сургуульдаа тэнцээгүй ч дараа жил нь эхний 1, 2 дугаар байраар жагсч тэнцсэн сонин түүх бий. Бүх насны дурлалт хосууд хэзээ ч гэрлээгүй ч миний мэдэх хамгийн романтик хосууд. Симон бол феминизмын гол төлөөлөгч. Манай орчин цагийн бүсгүйчүүд сайн танина. Тэдний өмнөх нь бол танихгүй. Хоёр дахь хүйс номыг нь уншихыг төлөвлөж байгаа)

Franz Kafka - The Trial, The Castle (Эхнийх нь Шүүх Ажиллагаа нэрээр Маш нууц сонины Ононгийн Чинбаяр ах сайхан орчуулж гаргасан байна лээ. Ер нь манайхан оросоос монгол руу их сайн орчуулдаг. 2000-аад он хүртэл Англи Монгол орчуулга ховор байсан санагддаг. Хуучин үед бол франц, герман, хятад, японоос бол сайн орчуулгууд хийгдсэн уламжлалтай юм шиг. Одоо бол өөр хэлүүдээс их сайн орчуулж байна. Бас л дэвшил. Кафкагийн The Metamorphosis, А hunger artist-ийг заавал уншаарай. Би лав уран зохиолын фантазыг эндээс л анх уншиж, гайхаж, балмагдаж, цочролд орж байсан. Франц Кафка болон Milan Kundera нар Чехээс төрсөн, Америкийн орчин үеийн залууст байнга л популярны/түгээмэл, моодонд орсон зохиолчид.

J.D.Salinger - The catcher in the rye - (Aмерикийн өсвөр насныхан бүгд энэ номыг уншдаг. Монгол залуус ч уншаасай. Түүний богино өгүүллэгүүдэд би бас их дуртай. Дээр нэрлэсэн зохиол Америкийн сургуулиудад нэг хэсэг хориотой байсан, олон рок хамтлагийн дуунд, бас Жон Ленноныг алсан нөхрийн халаасанд олдож байсан зэргээрээ нэлээд дуулиантай. Монголоор энэ хүний бүтээлүүд гараагүй байгаа. Дашрамд өгүүлэхэд НОМ дандаа нийгмийн хөгжил, үе үеийн түрлэгээр орж бас гардаг. Тэгэхээр одоо баруунд Сэлинжерийн номыг уншиж буй олон залуус Монголдоо ирэх тэр үед Монголд хэвлэгдэнэ гэсэн үг. Нийгмийн захиалгаар. Нэг ёсондоо тун удахгүй. Зөрүүлээд Монгол номууд гадны хэлээр гарч эхлэнэ. 10 жилийн дараа монголын уран зохиол дэлхийн тавцанд гарах байх гэж найддаг. Одоо бол бүгд Англиас Монгол руу орчуулж англи хэлээ бүх нийтээрээ үзэж байна. Харин удахгүй Монгол номуудыг Англи, герман болон буса хэл рүү орчуулах түрлэг ихсэнэ. Энэ нь нийгмийн, ард нийтийн, сэхээтнүүдийн боловсролтой л шууд уялдана. Яг одоо Англи хэлтэй уран зохиолч монголд тун ховор (бараг байхгүйтэй адил) байгаа, харин Орос хэлтэй мундагууд олон байгаатай яг адил. )

Paolo Coelho - Тhe Alchemist - (Үнэхээр гоё ном байсан тул эхний хэдэн нүүрийг нь оюутан байхдаа орчуулж байгаад орхиж байсан. Алхимич гэж оросоор болон олон бусад хэлээр хэлдэг энэ үгийг орчуулах гэж их эрэл хайгуул болж билээ. Харин Г.Аким гуай 100 жилийн ганцаардал-ын орчуулгадаа рилүүч бил үү нэг сонин үгээр орчуулсан байсан. Дараа уулзахаараа заавал асууна. Орчин цагийн хамгийн алдартай амьд зохиолчдын нэг. Вероника үхэхээр шийдсэн нь, 11 минут зэрэг зохиолууд нь уншихад их амар, сонирхолтой байдаг)

Feodor Dostoevsky - бүтээлүүд (Дорд үзэгдэгсэдийг нь би унших их дуртай. Г.Амар гуай үнэхээр уран яруу орчуулсан санагддаг. Гэхдээ гол бүтээлүүд нь одоо ч Монголоор гараагүй. Ах дүү Карамазов, Гэм зэмийг нь Нэпко гаргасан. Гомбосүрэн гуай бол Монголын хамгийн мундаг орчуулагч нарын нэг. Достоевскийгийн намтар өөрөө их сонин. Хаант оросын үед шоронд олон жил хоригдож, цаазлуулахын даваан дээр азаар амьд үлдсэн хүн тул маш философилог бичдэг. Баруунд Оросын уран зохиолын далбааг өргөдөг хүн. Оросоос Достоевский, Лев Толстой - (Дайн ба энхээрээ), Набоков (Лолитагаараа), Чехов (богино өгүүллэг, туужуудаараа) алдартай. Харин Пушкиныг бол жишээ нь сэхээтнүүд нь л мэддэг юм билээ)

Oscar Wilde - The picture of Dorian Gray (Mөнхийн залуу насын тухай бичсэн энэ бүтээл бас их сонин. Дориан Грэйн хөрөг нэрээр монголд хэвлэгдсэн байна лээ. Энэ бол классикуудын тэргүүн эгнээнд бичигддэг бүтээл. Эрхэм Жэрри Гриэр надад 99 оны шинэ жилээр бэлэглэсэн)

Scott Fitzgerald - The Great Gatsby (Монголоор гараагүй байх. Энэ номын хамгийн эхний хэсэг надад хамгийн их таалагддаг: "Хэзээ ч чи бусдыг бүү дорд үзээрэй. Яагаад гэвэл хүн болгонд чамд олдсон шиг боломж бололцоо олдоогүй байж болох шүү дээ гэж аав минь хэлдэгсэн" Киног нь үзэхэд бас их гоё. Америкын хувцас загвар, тухайн үеийн соёл, үнэлэмжийг маш тод үзүүлснээрээ их онцлог. Их сургуулийн найз Поол надад ЗОРИУД уншаарай гэж бэлэглэсэн.

John Steinbeck - Of Mice and Men, The pearl (Жоны номууд, бичлэгийн хэв надад их таалагддаг. Америкийн эгэл жирийн амьдралыг тэр их сайн өгүүлдэг. Чарлитай аялсан нь гээд Америкаар хөндлөн гулд аялсан зохиол нь их гоё. Мэдээж Чарльз Диккенс, Виллиам Фолкнэр бол агуу гэж Америкууд үздэг. Би заримаас нь л уншсан)

Ги Де Мопассан, Эдгар Алан По, Антон Чехов, Х.П.Ловкрафт нарын богино өгүүллэгүүд - Уг жагсаалтыг Роман ч юм уу Жэймс Жойсын Үллис, Лев Толстойн Анна Каренинаг бичих үү гэж бодож байгаад богино өгүүллэгийн мастеруудаар дуусгамаар санагдлаа. Эдгар Алан Погийн үнэнч фэн Эдогаво Рампо гэж Японы мастер бий. Тэр лав Эдгар Алан Погоос дутахгүй бичдэг. Хүн сандал нь монголоор орчуулагдсан байх шиг байсан. Том романаас заримдаа маш чанартай богино өгүүллэг унших сайхан. Богино өгүүллэгийн үг бүр романыхаас илүү үнэ цэнэтэй, оновчтой байдаг санагддаг. Ги Де Мопассаны La Parure буюу миний орчуулснаар бол Хүзүүний зүүлт богино өгүүллэгийн орчуулгыг эндээс уншаарай. Коллежийн 1-р курст байхдаа эхлүүлээд 2 курсдээ орчуулж дуусгасан.

Гадаадын уран зохиолыг цаашаа манайхны сайн мэддэг Эрнст Хэмингвэй, Майн Рид, Александр Дюма, , Антон Чехов, Шолохов эсвэл Агата Кристи гээд бусдаар нь баяжуулаад уншаарай. Тэд аль хэднийнэ манай зах зээл, Монголын XX зууны уламжлалт боловсролд алдаршиж, байр сууриа олсон тул энд жагсаах нь илүүц.

Миний жагсаасан бүтээлүүд бол уран зохиолын их далайн дусал нь мэт санагдаж байна. Том том залгилах юмсан.

УРАН ЗОХИОЛЫН ТУХАЙ ХЭДЭН ҮГ

Ер нь энд гэж хэлэхэд уран зохиолыг залуу үедээ, романтик үедээ сайн уншиж ХҮН болох процессдоо ашиглах хэрэгтэй. ХҮН болоход аав ээж, эмээ өвөө, сургууль, найз нөхөд, телевиз үзэх, ЕБС г.м нь нөлөөлдөг ч, УРАН ЗОХИОЛООР л ёс зүй, зөв суртахуун, морал, гоозүй, хайр сэтгэл, сайн сайханы тухай ойлголттой болж төлөвшдөг. Уран зохиолоор хүний сайн мууг заавал биеэр туулахгүйгээр ойлгож, биеэ амьдралд бэлдэж бас болдог. Нэг ёсондоо уран зохиол сайн уншсан хүн амьдралдаа бага алдаа гаргах магадлалтай.

Уран зохиол бол цаг хугацааны машин. Тэр л зохиолчтой, протоганист, антоганисттай чи харилцан ярьж, зугаалах, амьдрах, тэмцэх боломж олддог. Хэдэн арван жилээс хэдэн зууны өмнөх амьдрал руу.

Уран зохиол унших нь тухайн уншиж буй хэлээ дээшлүүлэхэд тун нэмэртэй. Тэр тусмаа төрөлх хэл, монгол хэлээ төгс эзэмших үйл явцад маш чухал. ҮГ, ҮГ БҮТЭХ ЁС, ӨГҮҮЛБЭР, ӨГҮҮЛБЭР БҮТЭХ ЁС-ыг эзэмшсэн хүний МЭДЛЭГ, УХААН, СЭТГЭЛГЭЭ нь цэгцтэй болдог. ЦЭГЦТЭЙ ХЭЛТЭЙ хүн цэгцтэй ШҮҮН ТУНГААЖ, ЦЭГЦТЭЙ ЯРЬЖ, ЦЭГЦТЭЙ БИЧДЭГ. Цэгцтэй боддог хүн бизнес хийсэн ч амжилттай байж чаддаг гэж би хувьдаа боддог. Илтгэх чадвар ч үүнээс эхэлнэ. Харилцааны соёл бол ажилд орох, бизнест амжилт гаргахад гол нөлөө үзүүлдэг. Хичнээн сайн инженер, ямар ч ажилд хичнээн сайн байгаад ХАРИЛЦААНЫ СОЁЛ-д суралцаагүй хүн Америкт лав ажилд ч орж чаддагүй. Гэтэл цэгцтэй, соёлтойгоор уг асуудлын сэдэвээ ч дискус хийж, олон талаас хэлэлцэж чаддаггүй байдал Монгол хүмүүст, нийгэмлэг, дугуйлан, хамтлагуудад нийтлэг анзаарагддаг. Сэдвээсээ хазайх, бултах, буруу онилох төдийгүй эсрэг тал хүчтэй, зохих ёсны, батлагдсан аргумент үүсгэх үед уурлалаа, битгий хурц ааш гарга, бүү марга (маргах гэдэг бол шал өмнөө өөр асуудал шүү дээ) эсвэл ялагдаж буйгаа өөрөө анзаарч эхлэх үедээ (ялагдаж байна гэдгээ анзаарах ухаан ч байхгүй, байлаа гэхэд түүнээ хүлээн зөвшөөрөхөөс ч түдгэлздэг) хувь хүн рүү, эсвэл би энэ юмд дуртай, дургүй, тэр таалагддаг, таалагддагүй, эсвэл урд чи тэгсэн, үгүй бол би чамаас илүү мундаг гэсэн зүйл рүү хальтарч нөгөөх хэлэлцэх ёстой сэдвээ умартаж, өөрийгөө ухаантан гэж боддог.

Яагаад энэ зүйл рүү уран зохиол ярьж байгаад хальтирсан бэ гэхээр энэ бол Монголчууд дунд тун ужиг угшилтай, байгууллага, хамтлагийн байтугай улс орны хөгжилд чөдөр болж байдаг үзэгдэл, процесс учраас. Иймд уран зохиол логиктой байхад ч нэмэртэй. Маргаанд хүртэл шударга ёс байнга үйлчлэх ёстой.

Уран зохиол, бүтээлийг нь уншихаас гадна хэрэв цаг зав гарвал уран зохиолчидын амьдралыг бид судлах ёстой. Тэдний амьдарч асан нийгэм, хувьсгал, сэтгэлзүй, өнцөг, зорилго, баяр гунигийг нь ойлгох ёстой. Ингэвэл түүний бүтээлийг, тэр өгүүлэмжийг нь илүү ойлгоно.

Уран зохиолчид бол нийгмийн хөгжлийн тэргүүн эгнээд явдаг ухаантнууд юм. Тэд бол агуу философич, үнэнг дээдлэгч, шударга ёсыг хамгаалагч, цаг хугацааны машинд суугч, түүх өгүүлэгч нар байдаг. Нэг ёсондоо уран зохиолч байна гэдэг бол ёсзүй, морал, хүн чанарын хувьд дээд зэргийн байхыг шаарддаг.

Уншсанаар Таны сэтгэлгээ, харах хүрээ өргөн, өндөрлөг болдог. ӨРГӨН талыг, ӨНДӨР-өөс, АЛСУЙН ЗАЙД саравчилан харж чадаж буй тэр залуу хүмүүнд энэхэн хүний нийгэмд амжилтгүй байх магадлал тун бага. Энэ үед эд агуурс, мөнгө хөрөнгө бол ямар өчүүхэн, хүн гээч амьтны нэг л хэрэглээ нь болохоос амьдралын утга учир биш гэдгийг ойлгох болно. Нэгэнт чи ухаан цэлмэг байх юм бол найз нөхөд ч чамайг хүрээлдэг, нийгэм дахь үнэлүүлэмж тань өснө, нөгөө хүсдэг мөнгө төгрөг, нэр алдар ч тань руу өөрөө гүйж ирнэ. За дээрхи биш юм аа гэвэл үгүй ядаж сайхан дурласан бүсгүйгээ өөртөө татахад ч хүртэл амархан болно шүү дээ (Энэ тохиолдолд зөвхөн хөвгүүдэд зориулж хошигнов. Аль нэг хүйсийг огт илүү гэж санаархаагүй болно)

Бас унших юмыг нас насандаа л унших хэрэгтэй юм шиг санагдсан. Жишээ нь би Дөлгөөн Дон-ыг 5 дугаар ангидаа уншиж байхад аав ээж мэдээд хориглосон тул 2 дугаар ботийг нь уншаагүй. Аксинья гэж гоё эгч, Григорий гэж айхтар залуу юм даа, оросууд ямар их хараал хэлдэг хүмүүс вэ, дэлхийн дайн гэж сонин юм аа гэж л тухайн үед ойлгосноос гүн нарийн ширийн зүйл нь миний насанд тохирсон эд байгаагүй. Мэдээж яг дээрхийг бол биш, гэхдээ дээрхийн зиндааны номуудыг бол 17-25 насандаа уншаад дуусгах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Үгүй бол хоцрогдоод байна уу даа гэж өөртөө бага сага санаа зовох эрх оюу(Н)тан залуу/бүсгүй танд бий. Өөрсдийгөө хөгжингүй орны үе тэнгийн залуустай байнга харьцуулж бодож байх хэрэгтэй.

Ном уншихад цаг гаргах тухайд: Ер нь сурагч, оюутан ахуйдаа ном сайн уншиж авбал тун зүгээр. Тэгээд гэрлэх үед, хүүхэдтэй болох үед хоногийн 24 цаг улам цөөдөж эхлэнэ гэж аав маань захьдаг байсан нь тун үнэн санагдсан. Тэртусмаа өнөөдөр Улаанбаатарт бид шал утгагүй дэмий бухимдалд булуулж, замын бөглөрөлд өдөр бүр 2-3 цагаа алдаж байгаа нь тун тоогүй. Иймд аль болох сонсдог ном (машинд, автобусанд) унших хэрэгтэй. Би бол метронд хамаг номоо уншдаг байсан. Харин дотоодод сурч буй залууст гадаадад сурч буй залуусаас том давуу тал бий. Та бүхэн Монголдоо байгаа тул аав ээжийн халамжинд, ажил хийхгүй, зөвхөн СУРЧ байгаа. Гэтэл гадаадад сурдаг залууст амьдралын өртөг өндөр, сургалтын төлбөр их тул сургуулийн хажуугаар заавал ажил хийх шаардлага гардаг.

Дахин хэлэхэд номыг аль болох залуу үедээ уншвал сайн (мэдээж насаараа уншина, хөгширөхөөрөө бүр их унших завтай болох байх). Капиталист нийгэмд бүх юм үнэтэй байдаг. Яг феодализмын үетэй адил баячуулд ном унших, өөрсдийгөө гэгээрүүлэх цаг зав илүү гардаг тал бий. Гэхдээ өнөөдөр Улаанбаатарын иргэдийн 15% нь оюутнууд. Энэ 15% бол нийгмийг дараагийн шатанд авчрах гол масс бөгөөд, бүгд их оюунлаг, хөдөлмөрч, алсын хараатай байвал л бид хүсч буй ирээдүйдээ ойртоно.

Бидний туйлын мөрөөдөл бол тун хангалуун амьдралтай болсон үедээ европууд шиг цөөн цаг, өндөр бүтээлтэй ажиллаж, илүү их цагийг унших, газар орноор аялахад, амьдралын утга учрыг нээж, мөч бүрийг таашаахад зориулах.

Харин тун харамсалтай нь манай нийгмийн хөгжил, хөгжлийн хурдац нь залуус биднийг улам завгүй, бусад орны ижил үе тэнгийнхнээс илүү хөдөлмөрлөхийг шаардаж буй. Энэ нь маш энгийнээр бол Монголын нийгэмд хийж бүтээж, сайжруулах зүйлс тун их, бас өөрийгөө хөгжүүлэх шаардлага улам ихсэж буйтай холбоотой (бид урд үеийн эцэг, эх, өвөө, эмээ нарын үеэс илүү ӨРСӨЛДӨӨНТ, ХАВТГАЙ НИЙГЭМД амьдарч буй)-гоор оюутан залуус та бүхнийг оюутан ахуй цагтаа ОЮУНТАН болж авахдаа анхаараарай хэмээн чин сэтгэлээ нээлээ.

Яагаад гэвэл чиний үе, чи бидний энэ үе МӨНХГАЛ гэдэг ОРДОНЫ гол гол баганыг босгож, тоосгыг өрөх ёстой үе юм. Бидний өвөг дээдэс бидэнд эх нутаг, газар, соёл, тусгаар тогтнол, эрх чөлөө, сайн сайхны үнэт зүйлсийг бэлэглэж, энэ ордоны суурь фундаамыг тавьж өгсөн. Одоо дээр нь ямар ОРДОН барих нь та бидний хэрэг. Энэ үүргээ ухамсарлаж, унших мэдэх, хийх бүтээхээ одооноос сайн төлөвлөж хичээгээрэй. Компьютер тоглоом, хямдхан пиво, бүдүүлэг үг, үл хүндэтгэсэн харьцаанд хамаг цагаа бүү үрээрэй. Цаг л гарвал унших, мэдэх, бас сайн үйлс элдэв төрлийн дугуйланд оролцохыг хичээ. Тэгж чадвал чи Дэлхийн иргэний түвшинд хүрнэ. Эс бөгөөс бид утаатай хотдоо насаа барна.

ЭХ ОРНЫ ТУХАЙ ХЭДЭН ҮГ

Нэгэн ахлах сургуулийн оюутнуудад 3 жилийн өмнө лекц уншихдаа хэлсэн үгээ доор давтмаар санагдлаа.

Яагаад та бид, манай үе, түүний дараа үе ЭХ ОРОН-оо ер нь ХӨГЖҮҮЛЭХ ЁСТОЙ гэж? Яагаад гэвэл Чингисээс өгсүүлээд Лигдэн хаан, Амарсанаа, Чингүнжав, Богд хаан, Бодоо, Данзан, Чойбалсан, Цэдэнбал, Ардчилсан хувьсгалын өнөө ч амьд буй нөхөд гээд бүгд л ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ төрсөн, хийсэн юмтай хүмүүс. Тэд тусгаар тогтносон МОНГОЛ УЛС-ыг ҮҮЛЭН ЧӨЛӨӨНӨӨР авч үлдэн бидэнд бэлэглэсэн. Энэ тэмцэл нь маш олон жил үргэлжилсэн, даан ч их зовлон, гуниг, дарангуйлал дамжсан маш хүнд түүх байдаг.

Бидний ЭХ ОРОН гэдэг бол чи би, чи бидний эцэг эх, чиний хөрш, гудамжинд яваа хүн, дээр дурдсан хүмүүс, тэдний үнэлэмж, итгэл, мөрөөдөл бүх юм нийлээд юм.

Чи өөрийгөө хөгжүүлнэ ээ гэдэг бол ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЖ буй хэрэг. Мэдээж та КОСМОПОЛИТАН хүн байж болно. Гэлээ л Та яаж мэтгээд ч МОНГОЛ ХҮН хэвээрээ. Монгол гэдэг нэр бол чи бидний үүрдийн FAMILY NAME. Чиний угшилын нэр. Чиний сонгодог, туйлын оршихуйн нэр.

Монгол бол чи бидний ОРШИХУЙ юм. Чи бидний ОРШИХУЙН үндэс, уг шалтгаан нь юм. MOНГОЛ-ыг үгүйсгэнэ гэдэг бол Чи өөрийгөө болоод өөрийнхөө гэр бүлийн модыг тань ургуулсан үндэс, угсаа, мөчир болгоныг чи үгүйсгэж буйн хэрэг. Нэг ёсондоо ЧИ өөрийгөө үгүйсгэж буйн хэлбэр.

Хэрэв Тэнгис нэрт хөвгүүн чамайг биш ч МОНГОЛ ОРОН, Ард нийтийг тань хэн нэг нь дорд үзвэл, тэр бол өөрөө маш том гутамшиг, доромжлол юм. Харин Тэнгис нэрт чамайг муулсан бол чи тайван байж болно оо. Харин тэгж доромжлуулахгүйн тулд бид өөрсдөө сайн байх ёстой.

Эцсийн дүндээ хүн болоод амьд байгаль, амьтан нь ОРШИХУЙН төлөө байдаг. Тэр ОРШИХУЙ тань МОНГОЛ бөгөөд түүний СЭРГЭН МАНДАЛ билээ. Түүнийг өөртөө, бусдад байнга сануулах үүднээс энэ блогийг 1s & 0s буюу ОРШИХУЙ БА ЭС ОРШИХУЙ, Оршиxуйчууд ба Эс оршихуйчууд гэж нэрлэсэн билээ.

Үргэлжлэл бий.

Д.Сайнбаяр - Өмнөговь 2011.09.30

9.25.2011

Мөнгө ба Баялагийн тухай миний ойлголт

Одоогоос 21 цагийн өмнө Покерын нэгэн турнаментад ялаад Твиттерээр энэ талаар бичив. Гэхдээ ялсан, олсон нь сонин биш харин чухам мөнгө гэж юу вэ гэдэг тал дээр өөрийн бодлоо жиргээчидтэй хуваалцах, тэдний бодлыг сонжих нь миний зорилго байв. Доорх твиттерүүдийн хариу олон арваараа ирсэн бөгөөд миний жиргээг шууд нийтлэж байдаг Холбогдсон (LinkedIn), НүүрХуудaс (Facebook) зэрэг нийгмийн сүлжээгээр бас хариунууд ирсэн билээ. Жиргээний хэлэлцүүлэг дээр баялагийн тухай өөрийн ойлголтоо 140 тэмдэгтүүдэд багтаан цөөн цөөн өгүүлбэрээр илэрхийлснээ энэ доор хуулж тавьлаа. Харин жиргээг доороос дээш уншдаг тул доороос нь уншина биз ээ.

What I think about Money and wealth

dsainbayar
Ямар ч эд, байшин, машин-с илүү таны ТАРХИ хэр үнэтэйгээс бүх зүйл хамаарна. Таны ТАРХИ хэдэн саяын үнэтэй вэ? гэдгийг л өөрөөсөө асуугаарай
6 minutes ago

dsainbayar
Тэгэхээр Доналд Трамп гуйлгачинаас тухайн мөчид хэдэн зуун сая доллараар ядуу байсан ч ТАРХИ нь хэдэн тэрбумын үнэтэй байжээ.
9 minutes ago

dsainbayar
ХАЛААС хоосон ч түүний ТАРХИНД know-how, connection, итгэл, шургуу тэмцэх дайчин чанар, боловсрол, мэдлэг, ухаан бсан тул тэрбумтан болжээ!
16 minutes ago

dsainbayar
Гудамжинд гуйлга хийж байсан нэг гуйлгачинаас даруй хэдэн зуун сая доллараар ядуу болохоо ойлгосон :)
19 minutes ago

dsainbayar
Доналд Трамп 90-ээд онд олон зуун сая долларын өртэй, дампуурлын ирмэг дээр Манхаттанд алхаж явжээ. Тэр үед тэр нэг л зүйлийг ойлгосон аж.
19 minutes ago

dsainbayar
Эд агуурс бол эцсийн эцэст юу ч биш, харин таны ХИЙСЭН ҮЙЛС, таны сайн сайхны төлөөх ҮЗЭЛ САНАА, ИТГЭЛ бол жинхэнэ баялаг юм.
22 minutes ago

dsainbayar
Үхэхдээ хүртэл ТЭНГЭРЛИГ, хийсэн юмтай, БАХАРХАЛТАЙ байхын төлөө л амьдарч чадвал, та бүх насаараа БАЯН байх юм.
24 minutes ago

dsainbayar
Тэгэхээр залуус бид бусдаас АВАХ бус, харин ӨГӨХ-д анхаарч чадвал л юм юмаар баян болно. Харин яаж, юунд ӨГӨХ -өө сайн тооцох нь чухал.
25 minutes ago

dsainbayar
Гэтэл Монголчууд бид хүнд олигтой Баярлалаа гэж хэлж чаддаггүй маш муухай зантай. Эсвэл баярласан ч түүнээ илэрхийлдэггүй.
27 minutes ago

dsainbayar
Гэтэл тэр кофегаа авчихд араас гүйж ирээд хариултыг нь өгсөн. АНУ-д гуйлгачинд $ өгөхөд зөрүүлээд маш их ерөөл хэлж үнэн сэтгэлээсээ баярлдг
28 minutes ago

dsainbayar
Чикагод би нэг тэнгэрлиг гуйлгачинтай таарч байсан. Тэр кофений мөнгө гуйхад нь би 5$ өгчихөөд алхав.
29 minutes ago

dsainbayar
Dignity гэж сүүлийн үед их ярьж байгааг баярлан дэмжиж буй. Dignity гэдэг бол ТЭНГЭРЛИГ, ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ илтгэнэ.
31 minutes ago

dsainbayar
Сайн үйлст бие, сэтгэл, өглөгөөр хандив өгч байх нь таныг ТЭРБУМТАН мэт баян болгоно. Баян байна гэдэг бол сэтгэлийн л зүйл юм.
32 minutes ago

dsainbayar
Би мормон биш. Гэхдээ тэднээс суралцах маш олон юм бий. Залуус бид сэтгэл цэвэр, оюун тунгалаг, хийж бүтээж бвл тэр өөрөө маш том БАЯЛАГ.
34 minutes ago

dsainbayar
Mормонууд орлогынхоо 10%-ыг сүмдээ хандивлаж, сайн үйлс хийдэг. Тэр зарчмыг хувьдаа мөрдөж, орлогоосоо сар бүр нэг сайн юманд хандив өгдөг.
34 minutes ago

dsainbayar
Дэмжиж, баяр хүргэсэн бүх хүмүүст баярлалаа. Покер бол зүгээр л олон зууны өмнө үүссэн тоглоом, юманд хэт автдаг хүмүүс бол тоглож хэрэггүй!
36 minutes ago

dsainbayar
2 жил хамт ажилласан NTV-ийн хамт олондоо 5 жилийн ойн баяр хүргэе! Хотод байгаагүй тул хамт тэмдэглэж чадсангүй. Өөдрөг өнгө, Өөр өнцөг!
1 hour ago

dsainbayar
"Казиног номхотгосон түүх" ном бол үнэн түүх юм шүү. Зохиолч Д.Энхболд ахтай олон жил Чикагод ойр байсан. Үнэн түүх бичсэн юм аа.
1 hour ago

dsainbayar
Гэхдээ яахав үнэнийг нь хэлье. 28 000 USD хожсон юм :) Заримаас нь хандивлана гэхдээ. Сургууль, ном, мод тарих зэрэгт. @Metamorphoser
1 hour ago

dsainbayar
@Yeah man :) @Metamorphoser мөнгө талаас нь баяр хүргээгүй угаасаа тоглоом бсн гэж бодсон гол нь их л удаан оролдсоны эцэст л гэж олйгосон
1 hour ago

dsainbayar
Миний хувьд эхнэрийнхээ 2 мөрөөдлийг биелүүлнэ. Номын сан, бас хөгшчүүл асрах төв байгуулах. Үлдсэнээр нь бизнесийн investment хийж өсгөнө.
1 hour ago
dsainbayar

@ Cool! @beregu bi angli mayagiin dund surguuli baiguulahsan gej boddog. Geres n zaitai, dvremt huwtsastai,erdem nomiig utgaar n surch bolohor
1 hour ago
dsainbayar

Will be in UB on October 1st or so. @ganhuyag GCH. When are you back? I have spoken to duguylan friends. Want to meet up next week.
1 hour ago
@Oyuniierel
by dsainbayar
@dsainbayar Sn bnu? Bid zaluu hvnii zaawal unshih 100 nomiig tsuglulaad studnt library ajiluuldg ym.Ta bolmjtoi bol 10-20nomiin sanal ugurei
3 hours ago

dsainbayar
Гэхдээ дахин хэлэхэд $ бол хэрэглээ болохоос өөр юу ч биш. Хүн өөрийн итгэл үнэмшил, зорилгодоо үнэнч бвл үүрд БАЯН юм шүү гэж хэлмээр бна
1 hour ago

dsainbayar
Хэдэн сарын өмнө 1 танил маань 3 mln USD алдсан нь бол үнэн. Түүнийг харин залуусын санал болгосон зүйлст хөрөнгө оруулаасай гэж хүсмээр бна
1 hour ago

dsainbayar
Хандив хүссэн газаруудад би ингэж шоглоом хийснийхээ төлөө хандив өгөхөө амлалаа. Нэг өдөр долларын саятан болно гэдэгтээ бүрэн итгэлтэй бна
1 hour ago

dsainbayar
Хэдэн сониноос ярилцлага, хэдэн ТББ-ээс хандив хүссэн захидал иржээ. Уучлал хүссэн захиа илгээлээ.
1 hour ago

dsainbayar
Анх удаа ялсан, тэгээд твиттерт бичтэл хүмүүс бүгд баяр хүргээд эхлэхээр нь хүмүүс ийм $-г яаж зарцуулах хүсэлтэйг мэдэхийг хүссэн билээ.
1 hour ago

dsainbayar
Бушуухан уучлал гуйя жиргээчидээсээ. Өчигдөр би покерын аваргад ялсан нь үнэн боловч энэ нь 2.98 сая доллар бол биш юм.
1 hour ago
dsainbayar
Яавал дээр талаар өнөө шөнө сайн бодоод та бүхэнтэй хуваалцана аа. Good night. Татварт 10% өгөх юм бна нээрээ. Төлнө өө, иргэний үүрэг тул.
20 hours ago

dsainbayar
Бурхан чамд залуу байхад тань нэр төр, мөнгө төгрөг өгөөгүйд баярлаж яв гэж Баабар нэг удаа хэлж бсн. Тэр их үнэн үг бололтой.
20 hours ago

dsainbayar
Хамгийн гол нь миний итгэж биширдэг, мөрөөддөг, зорьдог зүйлст битгий саад болоосой. Гүехэн бодолтой хүн мөнгөнд маш хурдан хувирдаг.
20 hours ago

dsainbayar
Би Ази, Европ, Америк, Африкаар явж үзсэн. Тэгэхээр аялна гэдэг сайхан ч бас No1 прайорити биш. Харин Харвардад сурах нь таалагдаж бна.
20 hours ago

dsainbayar
Хамгийн гол нь надад нэг их сонин биш байна. Ийм амархан олсон мөнгө амтгүй ч юм шиг санагдаад. Бараг бүгдийг нь хандивласан нь дээр юм шиг.
20 hours ago

dsainbayar
Тэгээд дэлхийн очиж үзээгүй бусад орноор нь жаал аялая. Тэгээд Harvard or Stanford очиж жаахан ном үздэг юм уу?
20 hours ago

dsainbayar
1 сая доллараар нь байшин авая. Нэг сайхан Porsch авч уная. Тэгээд? Үлдсэнийг нь банкинд хадгалуулаад хүүгээр нь Монголд амьдарч бас болно.
20 hours ago

dsainbayar
Үнэндээ би баярлаж бгаа ч надад тийм их мөнгө санагдахгүй бна. Нэг ёсондоо миний амьдралыг таашаах бдалд огтхон ч өөрчлөлт орсонгүй.
20 hours ago

Tamir Dashdavaa
tamirdashdavaa Tamir Dashdavaa
by dsainbayar
@
@dsainbayar Бас яг ингээд гайхуулах байсан байхаа! :)) #jk ;) 50% risk, 1.5 mln USD investment. If I had money, I would investigate.
20 hours ago

dsainbayar
Гэхдээ 2.8 сая бол их мөнгө биш. Хятадад 1 сая доллартай хүн 1 саяаас олон бдг. Америкт мөн ялгаагүй. Гэхдээ арай цөөн.
20 hours ago

dsainbayar
200000 -г нь @MiniiClub -ын залуустаа өгнө өө. Та нар мэдэх үү? @serdaram -н шавь 500 (ШУТИС-МУИС) оюутан нийлээд 4 жил 50 000 мод тарьсныг?
20 hours ago

dsainbayar
Монгол залуусаасаа асуумаар байна. Танд 2.9 сая доллар байвал та юу хийх вэ? Би та нарын зөвлөгөөг авмаар байна.
20 hours ago

dsainbayar
АНУ-д бол хэд хэдэн байшин авч болно, одоо үнэ нь навс уначихсан бгаа. Гэхдээ мөддөө үнэнд орохгүй. ХAA-д invest хийвэл? Or найдвартай сток?
20 hours ago

dsainbayar
Бодлогогүй үрвэл 2 жил болоод л дуусах золиг байна даа. Ухаалаг байвал хөөрхөн хөөрхөн бизнес хийгээд байж болох юм.
20 hours ago

dsainbayar
Харвардад сурах уу эсвэл Miami beach дээр нэг хэр тааруу байшин авах уу? Харвардад магистр хийхэд 200 000 доллар бхад л хангалттай л даа
20 hours ago

dsainbayar
Won 2.98 million dollars. What should I do with this? :) 2.98 сая доллар хожив. Одоо үүнийгээ юунд зарцуулдаг юм билээ? :)
21 hours ago

dsainbayar
Олон жилийн эцэст Blackberry-нхаа Покерын Аваргад түрүүлэв :) Эрэмгий, тэвчээртэй, бас цуцалтгүй бх нь чухал юм бна. Яг л АМЬДРАЛ шиг!
21 hours ago

dsainbayar
Finally WON my Blackberry's Poker Champnship after all these yrs! :) Lesson learned: Be aggressive, patient & persistent -Just like in LIFE!
21 hours ago

9.02.2011

Цахим Өртөө Дээд Сургуулийн нээлтэн дээр хэлсэн үг

2011 оны 9 сарын 1-ны өглөө 10.00 цагт

1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар их зохиолч Д.Нацагдоржийн Хуучин хүү өгүүллэгт гардагчлан Монгол орныг бүрхсэн хөмөрсөн тогоо сөхөгдөж, Монгол улс ЗХУ-ын дагуул орон байхаа болив. Харин энэ удаа "Хөх Монгол Улаан" болсон бус "Улаан Монгол эргээд Хөх Монгол" болсон билээ. Энэ үеэс Монголчууд бага багаар барууны ертөнцийн их дээд сургуульд суралцаж, эхнээсээ хуруу дарам цөөн хүмүүс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй компани, институтуудэд ажиллах болов.

Бүгдээрээ түр хугацаанд 1999 он руу эргэн зочлоё. Алдарт Гүүгл төрөөгүй, Фэйсбүүк сураггүй, дэлхий даяар хүмүүс интернэтэд 56kbps -ийн утасны модемоор холбогддог, нэг сайн фото зураг ч багтаах боломжгүй 3.5 инчийн уян диск хэрэглэдэг байсныг та бүхэн сонсвол гайхах болов уу. Өнөөдөр Google-ээр МОНГОЛ гээд хайхад 330 000 000 материал олдож буй бол тэр үед Altavista хайлтын системээр МОНГОЛ гээд хайхад 30 хүрэхгүй илэрц гардаг байв.

Барууны орнуудад харьцангуй цөөн монголчууд байсан тэр үед интернэтийн МОНСТУДНЭТ чаат өрөөнд хоёр сайхан монгол залуус танилцжээ. Тэд бол тухайн үед Их Британы Кингстоны их сургуульд эконометрикс сэдвээр магистрантаар суралцаж асан Дашзэвэгийн Цэрэнбат, АНУ-ын Массачуссетсийн Технологийн дээд сургууль, Харвардын их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн мэдээллийн технологийн лабораторид постдокторант хийж асан Др. Ширчингийн Баатар нар юм.

1999 оны 5 сарын 31 нд тэд дэлхийн 7 оронд тархсан 27 гишүүнтэйгээр Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ имэйл сүлжээг байгуулжээ. Энэ сүлжээнд өнөөдрийг хүртэл дэлхийн 60 гаран оронд тархан суусан 4000 орчим монголчууд, монголч түмэн өөр хоорондоо техник технологи, улстөр, эдийн засаг, түүх, философи, урлаг, нийгмийн бусад олон сэдвээр үзэл бодлоо солилцож, өөр өөрийн очсон орны сонин хачин, соёлын шокоос хуваалцаж, эх орныхоо хөгжлийн талаар ам булаалцалддаг хэвээр. Өнгөрсөн 12 жилийн турш бидний солилцсон имэйлийн тоо 100 000 хол давсан байдаг бол орж гарсан гишүүдийн тоо 30 000 хүрдэг. Цахим өртөөний гишүүд бие биеэ анд, өртөөчин гэж дуудалцдаг.

Цахим өртөөчидийн үүсгэсэн Tsahimurtuu.mn вэбсайт Olloo.mn (2004), News.mn (2009) сайтуудаас даруй 5-10 жилийн өмнө үүсч, тухайн үедээ монголын интернэт дахь мэдээллийн гол вэбсайт болж байв. Бидний гаргасан Цахим Улаач сэтгүүл монголын хамгийн анхны онлайн сэтгүүл байсан төдийгүй, монголын иргэний сэтгүүлзүйн суурийг тавилцсан мэт.

Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүд зөвхөн имэйл солилцож суухын оронд тодорхой бодит алхамуудыг хийе хэмээн Цахим Өртөө Холбоог 2005 онд байгуулав. Байгуулагдсанаасаа хойш бид гадаадад суугаа монголчуудын сонгуулийн эрх, давхар иргэншлийн асуудлаар төрийн удирдлагад дуу хоолойгоо өргөн тэмцэж, Вашингтон, Сан-Франциско, Сөүл зэрэг хотуудад гадаадад суугаа Монголчуудад зориулсан ажлын яармаг, цуврал лекц, ДОX-ын эсрэг аянг зохион байгуулж, интернэтийн хэрэглээ, Монгол угсаатны тухай ном товхимол хэвлүүлж, Монгол туургатнаа дэмжих хазара оюутны тэтгэлэг, Монголын 7 гайхамшиг зэрэг олон төслийг санаачилж ирсэн.

Та бүхний суралцах гэж буй Цахим Өртөө Дээд Сургуулийг үндэслэгч Цахим Өртөө холбоо ТББ нь өдгөө АНУ, Их Британи, Япон, Австри, Австрали, Герман, Нидерланд, Солонгос, Швед, Швейцари, Финлянд, Монгол зэрэг дэлхийн 12 оронд 108 гишүүнтэй. Гишүүдийн 95% нь өндөр хөгжилтэй орнуудад их дээд сургуульд суралцаж төгссөн бөгөөд 38 доктор, 60 магиструудыг багтаасан монголын шинэ үеийн сэхээтнүүдийн олонлог болсон байгуулага юм.

Дээрх түүхийг өгүүлэгч миний бие 1999 онд яг л та бүхэнтэй адил 18 настай байлаа. 1999 оны хавар АНУ-д дунд сургууль төгсөөд хэд хэдэн гайгүй их сургуульд тэнцсэн боловч халаасандаа мөнгөгүй байсан тул Лос Анжелесийн 2 жилийн хямдхан коллежид элсэн оров. Гэвч багын найзаасаа зээлсэн 200 доллараас өөр мөнгөгүй байсан тул мөн л 2000 долларын сургалтын төлбөрөө төлж чадалгүй бүтэн 1 жил хар бор ажил хийх шаардлага гарсан билээ. Ингээд намар нь Цахим өртөө сүлжээнд хамгийн залуу гишүүн болж элссэнээр ажил, амьдралын томоохон их сургуульд суралцах замаа тавьсан. Өнгөрсөн хугацаанд миний бие Цахим өртөөний олон оронд тархан суусан, дэлхийн түвшний мэдлэг хуримтлуулсан ах эгч, анд найз нараасаа олон төрлийн сэдвээр маш их зүйлийг сурч, одоо ч тэднээсээ суралцсаар л явна. Цахим өртөөнд 12 дахь жилдээ Та бүхэнтэй ХАМТ суралцахаар болж буйдаа би туйлын баяртай байна.

Тийм ээ. Өнөөдөр Монголын ирээдүйг тодорхойлох залуус Та бүхэн Цахим өртөө “их сургуульд” элслээ.

Та бүхэн харин нэг л зүйлийг сайн санаж яваарай. Цахим өртөөний олон мянган гишүүд харь нутагт хүнд хүчир ажил хийж, түмэн зүйлийн бэрхшээлтэй тулж, мэдэхгүй хэлээ сурч, харийн соёлын цочролд өртөж, эх нутгаа санаж, аав ээж ах дүү нараасаа хол байсан. Өнөөдөр зарим нь Мicrosoft, Oracle, Google, Yahoo компанид ажиллаж, дэлхийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний институтүүдэд ажиллаж, томоохон их дээд сургуульд багшилж буй. Гэхдээ тэдний туулсан зам дардан байгаагүй юм шүү. Тэд зөвхөн чин зоригтой байж, асар их хөдөлмөр, тэвчээрийн дүнд одоо буй амжилтандаа хүрсэнийг та бүхэн сайн санаж, дор бүрнээ хичээгээрэй.

Түүнчлэн Цахим өртөөчид ямар ч хүнд хэцүү үед зөвхөн улс үндэстнийхээ төлөө, ухамсарт амьдралын гэгээлэг, зөв бүхний төлөө тэмцэж, эрдэм номыг эрхэмлэн өөр хоорондоо үзэл бодлоо уралдуулж, эв эеийг эрхэмлэж бие биеээсээ суралцаж ирсэн билээ.

Цахим өртөөчид өнгөрсөн 12 жилийн турш аливаа улстөрийн хүчнээс ангид, олон ургальч, нээлттэй байх зарчмуудыг баримталж, Соёлт нийгэм, Шударга ёс, Xүний зөвт-эрх, Ардчилсан нийгмийн үзэл үнэт зүйлийн төлөө хамтдаа алхсан юм.

Энэ бүхнийг бид Цахим Өртөөч Үзэл санаа, Цахим Өртөөний Үнэт зүйл гэж үздэг. Цахим өртөөний үнэт зүйлийг хүндэтгэж, МӨН ЧАНАРЫГ нь ойлгож чадсан хэн бүхэн улс орныхоо хүндтэй иргэн, дэлхийн энх тайванч, байгаль орчноо хамгаалагч, шударга ёсыг сахигч, өндөр ёс суртахуунтай, Монгол орны хөгжлийн хөтөч болсон дэлхийн хэмжээний мэргэжилтэн, их өвөг дээдсийнхээ гэрээсийг биелүүлэгч, ЭХ ОРНЫ САЙН ХҮҮ, ОХИН байна гэдэгт бид итгэдэг.

Цахим Өртөө Сүлжээний үе үеийн олон мянган гишүүд, элэг нэгт ах эгч нарын тань өмнөөс, уг сургуулийг үүсгэн байгуулагч Цахим Өртөө Xолбооны нэрийн өмнөөс, тус сургуульд гадаадын олон орноос багшлах Xолбооны эрхэм гишүүд, Цахим Өртөө Дээд Сургуулийн Улаанбаатар дахь хамт олон, багш нарын нэрийн өмнөөс Хөх Монголын цоглог залуус Та бүхний эрдэм номын ИХ ҮЙЛСТ амжилт хүсье! Цахим өртөөчин болсон та бүхэндээ халуун баяр хүргэе!

Монгол орон мандтугай!

Цахим Өртөө Холбоо ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга
Туульч-Өөлд Д.Сайнбаяр

Цахим Өртөө Дээд Сургууль
Улаанбаатар хот, Монгол улс

Archive