4.06.2007

Пер Инг Оэстмоэн: Би урьд насандаа монгол хүн байсан...

2000 он юмаа даа Интернэтэд нэгэн Монгол сэтгүүл төрсөн нь тухайн үед газар газар тархсан Монголчуудад нутгаа санасан сэтгэлийг нь дэвтээх орон зай нь болдог байж. Саяхан мэт санагдах тэр үеийн Интернэт дээр одоогийнх шиг арвин Монгол агуулга байгаагүй, бас миний энэ бичиж буй блог гээч зүйлийн бараа ч үгүй байсныг бодоход сонин. Цахим Өртөө сүлжээний гишүүдээс Цахим Улаач сэтгүүлийг эрхлэн гаргах болсон нь эргээд бодож суухад Томас Фридманы "Дэлхий бөөрөнхий биш" номонд гардаг дэлхийг хавтгайруулагч хүчин зүйлсийн жагсаалтанд 4-т бичигддэг Uploading хэмээх үзэгдлийн эхний үе шат нь энэ цахим сэтгүүлүүд байсан юм шиг. Ш. Баатар ах анх freeyellow.com - ийн үнэгүй сервэрийн орон зайд энэ сэтгүүлийг сэтгэл гарган хийж байсан нь одоо Цахим өртөөний сервэр дээр нүүсэн байна. Тус сэтгүүлийн долоо дахь дугаарт зориулж 2001 онд хийсэн нэгэн ярилцлагаа блогчиддоо толилуулая. Дээхнэ нийтэлсэн "Нээлттэй хэлэлцүүлэг" хэмээх итгэл бишрэлийн талаарх диалогийн үргэлжлэл болог.

Монголд элэгтэй энэ энгүүн норвеги эр Бөө мөргөлийг амьдралдаа хэрэгжүүлж явдаг (Манайхан тийм юм шүтдэг, ийм шашинд сүжигтэй гэж ярихаас түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж амьдардаггүй нь эмгэнэлтэй) барууны хүн, дээр нь Монголчуудын түүх, соёлыг гайхалтай сайн судалсан байсан нь тун сонин. Тухайн үед Интернэтэд хэсүүчилдэг байсан хүмүүс энэ хүний бүтээсэн Realm of Mongols вэбсайтыг сайн санаж буй болов уу. Уг ярилцлагын англи хувилбар хаа нэгтээ байх ёстой ч архиваасаа хайгаад олсонгүй. Энэ хооронд олон мэс засалд орсон, үрэгдсэн, солигдсон миний муусайн компьютерууд, он цагийн аясаар огт хэрэгцээгүй хогийн саванд шидэгдсэн 3.5 инчийн уян дискэний хаа нэгтээ үрэгдээ биз хөөрхий... Ярилцлага гээч зүйлийг хар ухаанаараа төсөөлж ямар ч туршлагагүй хийсэн тул болхи санагдаж магадгүй шүү. Болгоон соёрхоно уу.
--------------------------------------------------------------------------------------

Та Цахим Улаач online сэтгvvлийг уншиж буй бол Интернет хэрэглэгч. Тэгвэл та урьд өмнө хэзээ нэгтээ Интернетээр "Монгол" бас дараа нь "Чингис Хаан" гэж бичээд search-engine-ээр эрж үзсэн л биз. Өнөөдөр өдрөөс өдөрт баяжигдаж байгаа Монгол вэбийн санд Чингис Хаан болоод эртний монголчуудын талаар бичсэн зуу зуун материал олдох болжээ. Гэвч энэ дунд Монголын түүх соёл сонирхогч, гадна дотныхны дунд нилээд танил болсон дээр нь "Монгол", "Чингис" гэж бид бичээд хайхад нэлээд их дайралддаг Realm of Mongols (http://www.coldsiberia.org) гэж website байдаг. Монголын түүх соёлын талаар нэлээд баялаг өгөөмжтэй, өвөрмөц санаа оноотой, бас нилээд бөө мөргөлийн үзэл санаа агуулсан энэ website-ийг Монголын нэлээн гол түгээмэл вэбүүд "favorite links"-дээ санал болгосон байдаг юм билээ. Ингээд энэ вэб сайт-ийг бүтээгч, түүхч судлаач Пер Инг Оэстмоэныг Цахим Улаач сэтгvvлийн энэ удаагийн зочноор урьж ярилцсанаа та бүхэнд толилуулж байна. Өвлийн чоно гэж Монгол нэртэй энэ норвеги эр өнөөгийн нийгэм улс төр, хүмүүсийн аж амьдралын талаар их өвөрмөц сонин үзэл бодолтой явдаг нэгэн ажээ. Бөө мөргөл, эртний монголчуудын талаарх түүний яриаг энэ ярилцлагаас уншаарай. Скандивийн хойгт буй тэр миний асуултанд имэйлээр хариулсан юм.

Таны таалал оршиг.

Та бидэнд өөрийгөө танилцуулна уу?

Намайг Пер Инг Оэстмоэн гэдэг. Би Норвегид төрж өссөн. Ихэнхи хүмүүс өөрсдийн амьдралд хийх зүйлсээ "phases of life" гэгч хязгаарт амжуулж хийх ёстой гэдэгт итгэдэг, тиймээс би энд насаа дурдмааргүй байна. Би хүний насыг биш харин тухайн хүний оюуны чадал, бие сэтгэлийн тэнхээг илүү чухалд үздэг.

Миний хойд эцэг архины донтой байсан тул, ээж минь намайг ганцаар өсгөсөн. Магад эцэггүй өссөнөөс ч тэр үү би их багаасаа биеэ дааж эхэлсэн. Би их жижигэвтэр биетэй, ганцаардмал хүүхэд байлаа. Бусад хүүхдүүдтэй тоглохын оронд томчуултай хамт байхыг илүүд үздэг байв. Байгальд тун хайртай, түүний сайхныг ой модоор зугаалж явахдаа үзэж харж мэдэрдэг, сэргэг агаараар амьсгалж хэдэн цагаар ч хамаагүй явдаг хүүхэд байсан. Дээр нь би ном унших их дуртай байлаа. Анх дөрвөн настайдаа уншиж сурсан. Долоон настайдаа аль ч том хүнээс дутахгүйгээр уншиж бичдэг болсон. Гэвч академик боловсрол гэхээсээ байгаль, байгалийн далд хүчинд би их автагддаг байв. Чин үнэнийг (truth) эрэлхийлж янз бүрийн ном их уншдаг авч, тэнд үнэний тухай бичих нь бүү хэл өөрөө үнэнийг агуулаагүй байдгийг ойлгосон. Тиймээс ч би аль болох байгальтай ойр байж, уул ус, ой мод, ургамал амьтан, нүдэнд үл үзэгдэх байгалийн далд хүчийг олж мэдэхийг дээрд үзэх болсон. Тэгээд ч би дунд сургуульд бараг суугаагүй, 9 жил сурахын 3 жилд нь буюу хоёроос найм хүртэлх бүх ангиа алгасч зөвхөн найм есдүгээр ангидаа суугаад төгсөв. Ахлах сургуулиа дүүргээд би Ослогийн Их Сургуульд тэнцсэн. Тэнд би Төв Ази, Орос судлалаар дагнасан.

Би дуран авай, оптик их сонирхдог. Одоогоор Аустриан Свароуски гэж дуран авай, телескопийн пүүсийн Норвегийн талын импортлогч пүүсэд вэб хуудасны зохион бүтээгч, зөвлөхийн ажил хийж байна. Мөн орон нутгийн спорт клуб, чононы нутагшилтын тухай вэб сайт ажиллуулж байна. Одоогоор би ганц бие.

Ноён Оэстмоэн, та анх Монгол соёлтой хэзээ яаж танилцсан бэ?

Анх Оросын түүх, хэл үзэж эхлэх үед Лиллиан Халлэ гэж эмэгтэй профессор хичээл заадаг байв. Нэгэнтээ бид хичээл дээр Байгаль нуурын тухай үзсэн юм. Багш анх Байгаль нуурыг дэлхийн хамгийн гүн, цэнгэг устай нуур гээд ярих тэр агшинд надад их сонин ер бусын мэдрэмж төрж, ямар нэгэн совин татсан юм. Түүнээс хойш би Төв Ази, Сибирь, Байгаль нуурын тухай бүхий л ном материалыг уншиж судалж эхэлсэн. Анх Байгаль нуур, тэр сав нутагт амьдардаг хүмүүсийн тухай уншихад миний сэтгэл их хөдөлж, хамаг биеийн үс босох шиг болж, өөрийн эрхгүй нулимс унагадаг байв. Түүнээс хойш би зүүдэндээ чоно хардаг болсон. Тэр үед чухам юу болоод байгааг үнэндээ ойлгодоггүй байв. Гэвч миний ойлгосон ганц зүйл бол Монголчуудтай би ямар нэгэн сэжмээр холбоотой болохоо ойлгосон. Энэ бүхэнд би тайлбар их эрсэн. Чингис хааны Монгол, Монголын эзэнт гүрэн бол улс төрийн хувьд түүхэнд гарсан онцгой, гоц үзэгдэл байсан нь тодорхой. Гэвч эцсийн эцэст энэ бүгд юун тухай болохыг анх Нууц Товчоог унших үед ойлгож, надад төрсөн баяр бахдал минь миний зөн совинг баталж өгсөн.

Тэгээд та Монголтой холбоотой судалгаа шинжилгээгээ хэзээ эхлэв?

Энэ бол 1995 онд болсон явдал. Дөрвөн жил их дорвитой судалгаа хийхдээ их сургуулийнхаа хичээл номоо хүртэл гаргуунд тавьсан үе байлаа. Өнөөдөр Норвегид Монгол судлалаар дагнасан хүн үгүй. Би тэр үед нэг эмэгтэйтэй танилцсан бөгөөд тэр бүсгүй намайг дундад зууны үед амьдарч байсан монгол хүн гээд, одоо ч тэр оюун санааны хувьд монгол гэж хэлсэн. Өөр тэр миний өнгөрсөн үеийн амьдралыг ч хэлж өгсөн нь энд тайлбарлахад хэцүү юм. Би өөрийн онгодоо хэрхэн дуудахаа мэддэггүй байлаа. Харин тэр үед өөрийн удаан уулзаагүй нэг найзыг бөө болснийг мэдсэн. Түүний мэдрэмж оюун намайг бөө бол гэж хэлсэн. Тэр намайг бөө болгон адисласан цагаас хойш одоог хүртэл миний багш болсон юм. Түүний эхнэр ч мөн бөө бөгөөд бидний энэ бяцхан багт багтдаг юм. Realm of Mongols бол миний сэтгэл, онгоддоо зориулсан бүтээл.

Одоогоор та Монголын талаар ямар нэгэн тодорхой төсөл хийж байна уу?

Монголын уламжлалт бие даасан амьдрах арга барил, хэв маягтай холбоотой түүхэн судалгаа хийж байна. Үүнийгээ орчин үеийн хотожсон соёл, нийгмийн эмзэг байдалтай харьцуулж байна.

Миний энэ судалгаа нь өнөөдөр дэлхийд Монгол соёлын онцлогийг гаргаж таниулах гол зорилготой юм. Би өөрийн түүхийн судалгааг гол хэрэглүүр болгон энэ төслөө хийж буй бөгөөд энэ маань үндсэндээ оюун ухааны бүтээл юм.

Өнгөрсөн олон жилүүдэд хүмүүс Чингис хааныг буцаж ирнэ, эзэнт гүрнээ дахин байгуулна гэж ярьцгааж ирсэн. Энэ бүхэн ерөөлөөрөө болог, харин би энэ бүхнийг оюун санааных нь өнцгөөс харж байгаа юм. Асуудлын гол нь Монгол үндэстний амьдрах арга барил нь өнөөдрийн дэлхийд маш хэрэгтэй элементүүдийг агуулсанд юм. Бидний мэдэхээр өнөөдөр дэлхийн хүн амын тоо хэтэрч том хотуудын хүн амын нягтшил улам ихсэж байна. Тэд бол эргэн тойрныхоо орчиноос хамаарч амьдардаг улс. Том хотод тэд ядаж л унадаг дугуйгаар явахад хурдний хязгаар тогтоосон байдаг. Тэнд амьдардаг хүмүүсийн оюун ухаан хүртэл хязгаарлагдсан байдаг. Хүний оюун ухаан бол том хотуудад хөгжөөгүй юм. Харин үүний эсрэгээр хүний оюун ухаан нь амьд байгальтай тэмцсэн урт хугацааны түүхэн эволюцийн дунд үүсэн хөгжсөн. Орон зайн алслалт, газар нутгийн нэгж, формац, цаг агаар, амьтан ургамлын мэдээ мэдээлэл, эдгээрийн хоорондын дотоод харилцаа л хүний уураг тархийг хөгжүүлснөөс биш байгалиасаа хязгаарлагдсан том хотууд, тэнд алхам бүрт дайралдах тэмцэл, тоо томшгүй стимули-ээс болсон юм биш.

Байгальд тустай зүйл бол хүнд ч тустай зүйл юм, юу гэхээр хүн өөрөө байгалийн нэг хэсэг нь юм. Гэвч энд анхаарах зүйл бол бид "байгаль руугаа арагш ухрах" биш харин "байгалийнхаа зүг урагшлах" гэдэгтээ байгаа юм.

Ондоо нэг ноцтой асуудлын нэг бол мэдээлэл юм. Чингис хаан бол сурах боловсрохыг их дэмждэгээрээ алдартай байсан. Гэтэл баруунд оюун санааны үнэт зүйлсээс хүмүүсийг хол байлгах хуулийн болон технологийн олон арга бий болсон байна. Сая америкад л гэхэд копидох боломжгүй электрон номнууд танил болсон. Тэдгээр номнууд хэрэв бүр худалдан авагч худалдаж авахгүй удах тохиолдолд хугацаа нь дуусч өөрийгөө арчдаг болсон байна. Энэ бол байж боломгүй зүйл. Жишээ нь энэ мэтийн хязгаарлал бол Чингис хааны мэдлэг, мэдээллийн чөлөөтэй тархалтыг дэмждэг байснаас бол шал эсрэг байгаа юм.

Эрт дээр үеийн монгол гүн ухаанд хувь хүн нь эд хөрөнгө эзэмшиж болдог. Гэвч энэ нь бусдын эзэмших бололцоог үгүйсгэдэггүй, яагаад гэвэл бүх эд баялаг бол их тэнгэр, газар дэлхийн өмч юм.

Гадны судлаачид, ер нь та өөрөө Монголын талаарх мэдээлэл материалаа хаанаас яаж олдог вэ?

Эхлээд бид түүхч, судлаач хоёрыг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Мэдээж орчин үеийн нийгэм судлаачид бол мэдээ материалаа албан агентлаг, статистик гэх мэт эх сурвалжаас авдаг. Гэтэл биологийн эрдэмтэн судлаачид барууны эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээс судалгааныхаа эх сурвалжийг авах нь элбэг. Би ч ялгаагүй, түүх судалдаг ч Монголоос олддог үлэг гурвэлийн тухай нийтлэл материалыг уншиж сонирхдог. Яг түүхчдийн хувьд шинэ үеийн түүх судалдаг, эртний Монголчуудын түүх судалдаг хоёр ялгаатай бүлэг бий. Орчин үеийн түүх судалдаг түүхчид түүх, нийгмийн ухаан хоёрыг уялдуулж судалдаг. Харин эртний түүх судалдаг түүхчидийн судалгааны эх сурвалжын үндэс нь түүх, архелоги хоёр дээр огтлолцох болов уу. Би өөрөө сүүлд дуридсан бүлэгт хамаардаг. Сибирь, Монголын цаг агаар, ургамал амьтны мэдлэгийн хажуугаар бөө нар, тэдний санаа сэтгэлийн ертөнцийг тайлбарладаг уран зохиолын мэдлэг маань миний судалгаа шинжилгээнд асар их тустай байдаг.

Тэгвэл Монгол түүх судлаачдад баримт материал олдох боломж, олдоц нь хэр байдаг вэ?

Түүхчидэд эх сурвалж болох Монголын талаар олон улсад алдартай нэлээд бүтээлүүд байдаг. Эд нь барууны Монголч эрдэмтдэд танил өндөр стандартын бүтээлүүд юм. Гэвч эртний монголчууд нүүдэлчин ард түмэн байсан тул бичгээр үлдсэн сурвалж харьцангүй цөөн. Монголын нууц товчоо бол Чингис Хааны үеийн Монголын түүхийн гол сурвалж бичиг мөнөөр тогтохгүй үүнийг монголчууд өөрснөө бичсэнээрээ маш чухал юм. Монголын Нууц Товчоонд цааш нь улам нарийвчлан судлах юм их бий гэж би итгэдэг, тэр болгоныг түүхчид маань эртний Сибирь, Монгол, Хятадын түүхийн судалгаан дээр тулгуурлахаас гадна, мөн тэдний байгалийн нөхцөл, оюун санааны амьдралыг ойлгож судалснаар гүйцээх юм. Ийм маягаар бидэнд хийх ажил их байна. Ер нь би баримт материалын олдоц бага гэж гомдох зүйл үгүй. Ирээдүйдээ Монголын түүхийн судалгааны амжилт нь археологийн олдвороос их хамаарна, бид үүнд их найдвар тавьж эртний Монголын түүхийн судалгааны хөгжилд гэрэл гэгээ нэмнэ гэж бодож байна.

Гадны олон сурах бичигт эртний Монголчуудыг хэрцгий байсан тухай бичдэг нь нууц биш. Гэвч энэ нь таны бодлоор барууны соёл иргэншилийн давамгайг нотлох ашиг сонирхолын үүднээс барууны эрдэмтэдэд төрсөн Чингис хаан болон Монгол түрэмгийллийн эерэг сайн нөлөөг дуридахгүй өнгөрөх, арьс өнгөөр гадуурхах ч гэмээр үзэл санаа байж болох уу?

Энэ бүхэн уг асуудлын нэгээхэн хэсэг нь байсныг үгүйсгэхгүй ч бусдыг биологийн болон үндэс угсаа, соёлын шинж чанараар нь гутаан булшлах утгаараа арьс өнгөөр гадуурхах үзэл санаа нь гол асуудал байсан гэж би бодохгүй байна. Миний харж байгаагаар, гол асуудал нь нийгмийн ноцтой ужиг өвчин ч гэж хэлж болох барууны ethnocentrism-д (өөрийн соёлын хэмжигдэхүүнээр бусдын соёлыг хэмжин дүгнэх үзэл Д.С) байна. Барууны хамгийн сайн бүтээлүүдэд ч гэсэн Христосийн шашны түрэмгий нөлөөтэй, нөлөөгүй баруунжсан дүр сонирхол эргэлзээгүй ажиглагддаг. Энэ бол маш нарийн эд. Барууны маш олон хүн, тэр тусмаа Христосийн шүтэн бишрэгчид түүхэн дахь бүх зүйлс Библид зааснаар явдаг гэдэг шулуун "telelogic" зарчмыг зөвшөөрөх тийм зүг хандлагатай байдаг. Энэ нь юу гэсэн уг вэ гэхээр, түүхэнд гарсан ихэнхи гоц үйл явдлууд хэрэв Барууны хэмжигдэхүүнд таарахгүй л бол тодорхой соёлын "хөгжилт түвшин" гэгч таамгаар ямар нэг байдлаар дарагдан бүдгэрч байдаг. Иимэрхүү чиг хандлагийг ихэнхи тохиолдолд гярхай уншигч анзаарсан байлаа гээд тухайн бичсэн зүйлийн мөн чанарыг огт үгүйсгэж байдаг юм биш гэдгийг энд би цохон тэмдэглэмээр байна. Харин уг зүйлийг бичигчид байж болох оюун санааны болон үзэл суртлын уламжлалт нөлөөг сайн анзаарч, зөв үнэн мэдээллийг өөрийн олж мэдсэн мэдлэг дээрээ суурилж тунгаан авч байх нь чухал. Барууны ихэнхи хүмүүс Барууны соёлын давуу чанарт итгэж, түүх, орчин уеийн улс төрийг ч аль алиныг түүгээрээ л хүлээж авдаг. Энэ бол арьс өнгөөр гадуурхах үзэл биш, харин бусад улсын соёл, үзэл санааны чухал ач холбогдолыг үгүйсгэдэг барууны соёлоос үүссэн үл ойшоолт юм. Хэдий тийм боловч маш олон хүн барууны үзэл сурталын уламжлалт хэлбэрээс татгалзаж, улам өргөн цар хүрээтэйгээр асуудалыг авч үздэг болж байна. Барууны маш олон судлаачид, оюутнууд Realm of Mongols-ыг талархан хүлээж аваад, тэдэнд илүү өргөн мэдээллийн эрэлт хэрэгцээ байдгаа надад илэрхийлж, гайхмаар олон хүн сонсч, шинэ өнгө дуу хоолой сонсохоороо тэд бүр анхааралтай сонсдог болохоо ч надад ярьдаг юм.

Хятадад Чингис хааны шарил олдсон гэх шуугианыг та дуулсан уу? Ер нь Чингисийн шарилыг эрж буйтай холбож та юу хэлмээр байна, ер нь олдох болов уу?

Тийм, би тэр тухай дуулсан. Миний бодлоор Чингисийн онгоны эрэл ямар ч байсан зөв газраа явагдахгүй байна. Тийм олдворын археологийн боломжтой үнэ цэнээс тэс ондоо зүйлийг би энд ярьж байна. Хүн төрөлхтөн тухайн хүний шарилыг өөрийнх нь маш учиртай хэсэг гэж үзэж ирсэн. Яагаад гэдгийг би ойлгож байна, сэтгэл зүйн нь механизмыг ч би ойлгож байна. Хэрэв тэд Чингис хааныг эрж буй бол, тэд түүний оюун санааны уг үндэс, эгнэшгүй их ухаан, ертөнцийн (супернатурал) хил хязгаарыг давсан түүний зөн совин, түүний хүч чадлыг эрэх хэрэгтэйг би энд хэлэх ёстой. Тэгээд өөрсдөөсөө асууя, эдгээр зүйлс түүний шарилд, ясанд нь олдох уу? Бодит үнэн гэвэл, жинхэнэ Чингис хааныг шарил, булшнаас нь эрэгчид алдаа хийжээ. Хэдий түүний булш, түүний ясыг олсон ч тэнд Чингис хаан үгүй. Магад түүхэнд түүнээс өөр хэнд ч байхгүй тийм гайхалтай шинж чанарыг, түүний хийж бүтээснийг хийх боломжтой болгосон түүний тэр нууцыг түүний яснаас олж авахгүй. Түүний гайхамшигт шинж чанарыг ямар ч шинжлэх ухааны хэмжигдэхүүнээр хэмжих бололцоогүй юм. Магад түүний гайхамшигтай шинж чанар энэ оршиж буй хорвоо ертөнцтэй үүрд хамт morthogenetic-ийн хэлбэрээр оршиж байж болох, магад түүний оюун санаа бидний дунд өнөөдөр хаа сайгүй оршиж байдаг ч юм бил үү? Түүний ясыг ухаж гаргана гэдгийг маш олон монголчууд айдас, зэвүүцлээр жигшин хүлээн авдгийг би мэднэ. Хэрэв тэд Чингис хааны шарилыг оллоо гэхэд, шувуу барьсан хүн тэр шувуунийхаа жигүүрлэн нисэхийг дахин хэзээ ч хардаггүйн адил үлгэр болох биз.

Realm of Mongols-д чоныг та дээдлэн өгүүлсэн байдаг. Чоно нь Чингис хаан болон Монголчуудын оюун санааны өвөг дээдэс гэдгийн хувьд та юу хэлмээр байна?

Монголын эртний домогт Чингис Хааныг хөх чононоос гарал үүсэлтэй гэж өгүүлдэг. Энэ нь эртний монголчууд болон чоно гээч амьтнаар тодорхойлон гаргаж буй шинж чанарын хоорондын ойр харьцааг харуулж буй болов уу. Нэгд чоно юуг илэрхийлж буйг энэ Монгол ухагдахуунаар гаргаж тавьсан байна. Хоёрт энэ бүхэн бидэнд үүрэг ноогдуулж байна. Энэ юу гэсэн уг вэ гэхээр чоно нь бэлэг тэмдэг бөгөөд энэ бэлэг тэмдэг нь чоныг өөрийг нь л тодорхойлж буй юм. Бэлэг тэмдэг нь гүн утга агуулах тусам бодит зүйл ямар нэгэн хийсвэрлэл (abstract) зүйлийг тодохойлж буй хэрэг бөгөөд энэ нь эргээд гол утга санаатайгаа холбогдож бодит зүйлийг л илэрхийлдэг. Чоно өөрөө юуг төлөөлөөд байна вэ? Энэ нь эрх чөлөө, зэрлэгшлийг илэрхийлдэг нь тодорхой, гэвч тэр чинь юу гэсэн үг вэ? Би үүнийг тайлбарлахын тулд чононы Canis lupis төрөл болох нохойтой харицуулаад үзье. Гэтэл чоно бол нохойг бодвол илүү зоримог, маш их эрчтэй, ядардаггүй, хүчтэй амьтан. Чононы тархи ижил хэмжээний тархитай нохойныхоос 25% оор илүү потенциалтай байдаг. Энэ бүхэн чоно нь нохойноос маш хүчтэй чадварлаг амьтан болохыг харуулж байна. Энэ нь өнөөгийн биднийг өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйтэйгээ мэдэж мэдэрч амьдраад хүмүүнлэг, байгальсаг чанартайгаа ойр байх хэрэгтэйг бас бидэнд нотолж байна.

Миний бие болоод манай залуу үеийн олон уншигчид бөө мөргөлийн талаар их бүдэг ойлголттой. Бөө мөргөлийн шашны тухай, үүний хөгжил, дэлхийд хэрхэн тархаж буй тухай товч хэлнэ үү? Энэ нь том шашин болж байна уу?

Үгүй ээ, юу гэхээр бөө мөргөл нь шашин биш юм. Энэ бол бидний дэлхий болоод ертөнц маань тоо томшгүй олон оюун санаанаас бүтдэг гэж огторгуй ертөнцийг үзэж буй үзэл юм. Бөө мөргөл бол энэхүү оюун санааны ертөнцтэй холбоотой бидний харилцаа бөгөөд, энэ нь хүн ба оюун санааны хоорондын ойр холбоог хадаглахад чиглэгдсэн. Бөө мөргөл нь байнгын ёслолын дэг жаягтай, оюун санааг тахиж, өргөл барьдаг нь бөө хүн оюун санааны ертөнцтэй байнга бат бэх холбоотой байгаагаа таниулж буй хэрэг юм. Бөө мөргөлд ямар нэгэн ягшмал сургааль, судар байдаггүй. Иймд энгийнээр бол энэ нь шашин биш юм. Гэвч эцсийн дунд хүмүүс бөө мөргөлийг нээн ойлгож, бөө мөргөлийн үүрдийн учир холбогдлыг ойлгоно гэдэгт би найдаж явдаг. Бөө мөргөл нь бас хүмүүсийг байгаль эхтэйгээ холбоотой байлгах, байгаль эхээсээ өөрсдийгөө холдуулж байхын оронд өөрснөө нэгэн хэсэг нь болж явахад тус болдог юм.

Бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзлийг бид хүлээн зөвшөөрснөөрөө бид дэлхий ертөнцөд буй ялгаатай, эсрэг тэсрэг байдлын оршихуйг хүндэтгэн үзэж буй хэрэг юм. Өдөр шөнө, гэрэл сүүдэр, эр эм гээд олон юм эсрэг тэсрэг ялгаатай, харин бөө мөргөлийн ертөнцийг үзэх үзэл нь хорвоо ертөнцөд буй энэ эсрэг тэсрэг байдлыг их эрүүл, үр бүтээмжтэй зүйл гэж үздэг юм. Эвтэй найртай энх сайхан амьдрахын тулд дотоод болон гадаад мөн чанараараа бид энэ үзлийг хүлээн авах нь их чухал юм.

Өнөөдөр бидэнд байгалиасаа хөндийрөх явдал газар авсны хамгийн тод жишээ бол тэр тусмаа баруунд их тархсан эр эм хүйсийг тойрч буй самуурал юм. Хэрэв орчин үеийн барууны эмэгтэй хүний гоо сайхны туйлийн хүсэл "идеал"-ыг авч үзье гэвэл эр эм шинжийг хадагласан, androgynous, хэлбэр галбиргүй биетэй алдартай загварын моделууд, тэдний нөхөн үржилт хийх ямар ч чадваргүй мэт харагдах дүр төрх юм. Эмэгтэй хүний өргөн ташаатай гунхсан цогц бие нь бүсгүй хүний шинж чанарын үндсийг (undesiig (feminine principle) хадгалж, бүсгүй бие нь сарны мөн чанарыг (Moon principle) өөртөө тусгаж буй хэрэг. Гэвч бүсгүй хүний биеийн энэ шинж нь орчин үеийн хүмүүсийг их айлгадаг амьтны байлгальсаг шинж чанарийг санагдуулдаг тул баруунд хэт бүдүүн боргил гэж тооцогддог юм. Androgyny (эр эм шинжийг агуулахуй) бол дээр дурьдсан мөн чанарын эсрэг нь бөгөөд, байгалийн хууль болоод амьтанлаг шинжийг үгүйсгэсэн sterile шинж бөгөөд энэ нь байгалиасаа улам холдохыг л тодорхойлдог юм. Дээр нь нэмж хэлэхэд эршүүд болон эмэгтэй шинж чанарыг (feminine & masculine) баруунд биологи, хүйсээр нь гэхээсээ нийгмийн статус болон зан чанараар нь тодорхойлдог соёлын хэв загвартай болсон байна. Энэ бол их буруу юм. Хүний нийгмийн үүрэг роль, зан чанар нь түүний эр эм шинж чанарт огт холбоогүй бөгөөд энэ бүхэн баруунд хэр олон хүн байгальсаг чанараасаа холдсоныг харуулж байна.

Биологийн ангилал бол бусад категорын адил оюун санааны ертөнцөд өөрийн чиг шугамтай. Бөө мөргөлийн үзлээр бол шалтгаалцлын ертөнцийг оюун санааны ертөнц л бий болгодог. Тиймээс бүхий л бодит зүйлс бол оюун санааны суурь үндсийн үргэлжлэл бөгөөд, оюун санаа бол анхдагч, харин бодит илрэл бол түүний тусгал юм. Иймээс ямар ч бодит зүйл бол тохиолдлын эд биш юм.

Эртний Монголчуудаас гадна өөр хаана бөө мөргөлийг шүтдэг байв? Тэдний хооронд ямар нэгэн холбоо хамаарал байна уу?

Бөө мөргөл бол энэ дэлхий даяр тархсан анхны итгэл бишрэл юм. Эрт цагийн аль ч улс үндэстний хүмүүс оюун санааны ертөнцийн оршилд итгэдэг байсан.

Та монгол бөө, удган нартай холбоотой байдаг уу?

Би дээхнээс нэг монгол удгантай эмайлээр харьцаж, мэдээлэл солилцож эхэлсэн.

Та монголд хэзээ зочилох гэж байна?

Монголд очих, байх хэрэгтэй цаг нь ирэхээр би Монголд очно. Гэвч энд хэлэхэд би цаг үргэлж Монголдоо байгаагаар боддог. Монголын ард түмэн миний үүрдийн ах дүү гэж боддог. Би тэдэндээ үгээр хэлж баршгүйгээр их хайртай. Би энд ингэж хэлэх зохимжгүйг ойлгож байгаа ч нэгэнт би энд өөрийн үгээр Монголчууд та нартаа би өөрөө Монголтой ямар их холбоотой болохоо хэлж илэрхийлж чадахгүй хойно. Одоогоор би та нартаа өөрийн сэтгэлийн хамгийн угаас гүн мэндчилгээ дэвшүүлж байна.

Англи, Норвегиас гадна та өөр ямар ямар хэл мэдэх вэ, монгол хэл үздэг үү?

Би монгол хэлийг эзэмшээгүй. Англи, Норвегиас гадна Герман, Орос хэл мэднэ. Би англи хэлийг хамгийн дээд төвшинд эзэмшсэн.

Та одоогоор ямар ном уншиж байна вэ?

Одоогоор би David Christian-ы " A History of Russia, Central Asia, and Mongolia", чононд хүмүүсийн тавьж ирсэн түүхэн хандлагын тухай Barry Lopezийн " Lopeziin "Of Wolves and Men" гэж номуудыг уншиж байна. Үүний дээр философи, технологийн сэдвээр хэд хэдэн ном уншиж байгаа. Би хүмүүс өөрсдийн дотоод болон гадаад ертөнцөөрөө хэрхэн амьдарч чадах тухай материал их шургуу эрэлхийлдэг бөгөөд өнөөдөр амьд ертөнц, байгаль эхээсээ холдон амьдарч буй хүмүүст туслах зорилготой.

Эцэст нь уншигч олныхоо өмнөөс монгол өв соёлыг гадна дотныхонд таниулахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, Realm of Mongols-ийг бүтээсэнд талархаж байгааг минь хүлээн авна уу. Цаг заваа зарж ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ирээдүйн ажил амьдралд тань амжилт хүсье.

Ярилцсан Д. Сайнбаяр
2001 он
University of Central Arkansas

12 comments:

Anonymous said...

Ter Chingis haanii sharilyg olohyg eserguucej "Хэрэв тэд Чингис хааны шарилыг оллоо гэхэд, шувуу барьсан хүн тэр шувуунийхаа жигүүрлэн нисэхийг дахин хэзээ ч хардаггүйн адил үлгэр болох биз." gej helsen ni ih vnen vg met sanagdlaa. Chamd amjilt hvseye!

Anonymous said...

Tsahim ulaach setguuliig haanaas unshij boloh ve?

Logos said...

http://tsahimulaach.tsahimurtuu.mn

A.Амарсайхан said...

Зөн совин гэж их сонин. Далд ухамсар гээч юм яах аргагүй л байдаг зүйл дээ. Галаарид ах маань энэ талаар судалгаа хийж их материал цуглуулдаг хүн. Түүнтэй яриад суучихаар энэ далд ухамсар, парапсихологи гээчийг бишрэх шиг болдог.
Миний хувьд зүүд маань их зөнтэй. Улаанбаатар луу хэзээ ч нүүхгүй, Алтайдаа сайхан агаараа амьсгалаад эрх дураараа тарвалзаж амьдрах бодолтой хүнд 2004 оны хавар ачаатай машин дээр суугаад л телевизороо тэвэрчихсэн түчигнүүлж яваа зүүд хэд хэд үзэгдсэн. Тэгээд л намар нь УБ-д ирж, Тоншуулын цэрэг болсон.
Ноднин зун хөдөөний нэгэн сумд оччихсон хүүхдэд хичээл заагаад шохой барьчихсан зогсож байгаа зүүд орж ирээд байсан. Тэгсэн нь Хэвлэлийн хүрээлэнд багшийн ажил хавсарч хийх болсон гэж байгаа.

A.Амарсайхан said...

Энэ хүнд далд совин төрж, чоно зүүдлэгдсэн тухай ярьсныг уншчихаад л баахан зүүд биччихлээ шүү. /Амарсайхан чинь юу бичээд байна аа гэмээр болчихож/

Logos said...

Zun sovingoo huvaaltssan Amarsaihan andad bayarlalaa. Tiim ee, dald uhamsar bolood tohioldol, zayaa tuurug gej yum yaah argagui baidag bololtoi. Kommunist onoliin hamgiin tom aldaa ni shashin, itgel bishrel, bur zun soving uguisgedegt, bugdiig materi anhdagch gesen yavtsuu uzleer baglasand baidag yum shig.

hehe said...

Ene hun mongol hel surmaar yum baina daa.

М.Огоо said...

zon sovin gej neeree chuhal shuu. bi jishee ni arhi uuhiinhaa urd odor eostoi ym shig hamar zagatnadag ym. oird yadaj bhad odor bolgon hamar zagatnaad bh ym

Logos said...

Hehe, Ogoo and yaasan aihtar zun sovintoi hun be? :) Arhi gesnees, bi bolohoor arhi uuhaas halshiraad baidag yum. Haayaa ch bas tas avah zugeer l dee, gehdee odoo boltol bi tsuuhun udaa tasarch uzsen hun dee. Uuval neg tuvshingee bariad yaria huuruu urnuuleh durtai, tegeed busad humuustei haritsuulahad udaan sogtolttoi hog shig baigaa yum.

Dori Ider said...

Сайхан хаваржиж байна уу Монголчуудаа!

Та бүгдийн чөлөөт цаг, мэдлэг боловсрол, чөлөөт сэтгэлгээнд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, мөн Монголын нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс http://baabar.blogspot.com-ыг 2007 оны 2 сарын 1-нээс нээн ажиллуулсан билээ. Баабарын гайгүй гэсэн нийтлэл ярилцлагуудыг уг сайтанд тавьж байх болно. Түүний албан ёсны хуудас нь байнга шинэчлэгддэггүй, Өдрийн сонингийн вэбсайтад тавигддаг Баабарын булангийн нийтлэл нь олонд хүрэхдээ тааруу (хэрэглэгчид хялбар олдох түвшинд програмчлагдаагүй) мөн одоо болтол түүний Фэн Клуб байхгүйг бодолцож энэ вэбийг нээснийг дашрамд дурдая.

Та бүгд энэхүү сайтанд Баабарын нийтлэлүүдтэй танилцаж болохоос гадна түүнд санал бодлоо хүргэж, мэтгэлцэх, түүнийг шүүмжлэхэд тань чөлөөт индэр байх болно. Түүнийг зөвхөн магтан сайшаахаас гадна түүний алдаа дутагдлыг харж, түүнтэй ухамсартайгаар, соёлтойгоор мэтгэлцэж, шүүмжлэхийг Монгол залууст уриалж байна :))

Хэрэвзээ Баабар гуай өөрөө http://baabar.blogspot.com домэйн нэрийг авахыг хүсч, Google-ийн блог армид элсэхийг хүсвэл түүнд уг дансыг дуртайяа шилжүүлэн өгч, түүний блог стилтэй бичлэгийг шимтэн унших болно.

Энд хэн нэгэн нь Баабарыг сохроор шүтсэнгүй, түүнийг даган баяссангүй. Харин түүнийг Монгол сэхээтнүүд дундаас дэмжүүштэй хүн, үгийг нь бас сонсууштай хүмүүсийн нэг хэмээн Монгол хүний угаас дэмжиж, түүний бичлэгийг олон түмэнд илүүтэйгээр түгээхийг зорьсон болохыг энд зориуд цохон тэмдэглэе.

Уг блог, фэнсайтыг хамтран хөтлөх блогчид байвал dori.ider@gmail.com-ooр харьцана уу. Хамтран ажиллах бололцоо хэнд ч нээлттэй. Харин модерэйторын багт ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шалгуур тавихийг анхаарна уу.

Та бүгдийг хүндэтгэсэн,
Дори Идэр

(Блог, вэбсайтынхаа холбоосдоо оруулж энэ сайтыг дэмжицгээнэ үү!)

surfer said...

Sonirholtoi interview bna. Sainbayar aa oor sonirholtoi niitleluudeesee taviarai! buka

gegeen said...

sonirholtoi bailaa. bi bas ih sonirhdog. byasalgal, dayanchlaliig bas ih sonirhdog

www.gegeen.com