7.25.2008

Цахим Өртөө Холбоо ТББ-аас төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан УРИАЛГА



Дэлхийн өнцөг булан бүрээр тархсан Монгол туургатны
Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас
төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан
УРИАЛГА


2008 оны 07 сарын 01-ний өдөр болсон иргэд, сонгогчдын тайван жагсаал цуглаан нь сүүлдээ хүчирхийлэл халдлагын үйл ажиллагаа болж хувирсныг Цахим Өртөө Холбооны бүх гишүүд бид эрс буруушааж байна. Үүний уршгаар энгийн иргэдийн амь нас хохирч, тэдний эд хөрөнгө, Монголчуудын урлаг, түүх соёлын үнэт зүйлс устан үгүй болсонд Цахим Өртөө Холбоо ТББ гүн харамслаа илэрхийлье.

Болж өнгөрсөн энэ бүх үйл явдалд зүгээр нэг харамсаад өнгөрч хэрхэвч болохгүй юм. Бид зөв дүгнэлт хийж, гарцаа зөв олох ёстой. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгэмд шударга бус, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байдал хавтгайрсан нь энгийн иргэдийн дотор бий болсон улам бүр ихэсч буй бухимдлыг хүнлэг бус зэрлэг авираар тэсэрч гарахад хүргэлээ.

Ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэн нэгэн төрийн дээд албан тушаалд санаархагчид зөрчин, сонгуулийн дүнг будлиантуулснаар шударга сонгууль, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ. Улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах явдал хирээс хэтэрчээ. Бүх нийтийг хамарсан намчирхлын эрүүл бус үзэгдэл, төрийн эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, байгалийн баялаг, газар нутгаа лиценз нэрээр замбараагүй тараасан, байгаль орчныг сүйтгэсэн, хордуулсан зэрэг явдлуудын улмаас хуримтлагдсан нийгмийн бухимдал дээр энэхүү сонгуулийн булхай галд тос нэмсэн хэрэг болов.

Сонгуулийн будлиантай холбоотойгоор дэгдсэн дээрх үйл явдлын эцсийн үр дүнд энгийн ард иргэд хохирон үлдэж байгаа нь нэн харамсалтай байна.

Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмжээнд гүнзгийрсэн системийн энэ хямралын үед харьяалагддаг нам бүлгийнхээ, тэр тусмаа хувийн цаг зуурын явцуу эрх ашгаа урьдал болгох биш, улс үндэстнийхээ хувь заяа, язгуур эрх ашгийн үүднээс асуудалд өргөн хараатай, уужуу хандаж үүссэн бүх гажуудал, согогуудыг үндэс ёроолоос нь засан эрүүлжүүлэх дорвитой, зөв арга хэмжээ авч ажиллахыг УИХ, ЗГ болон улс төрийн нам, эвслүүдэд уриалъя.

Эх орныхоо хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж, тэмцэж буй иргэд, залуусыг аливаа намын харьяалал, улс төрийн үзэл бодлын ялгаанаас үл хамааран Цахим Өртөө ТББ дэмжиж ажилладаг билээ. Эдгээр залуусын дунд манай байгууллагын гишүүд ч олон бий. Иргэний Хөдөлгөөний Намын дарга Ж. Батзандан ч тэдний нэг. Ж. Батзандан болон түүний хамтран зүтгэгч О. Магнай нарыг баривчлан хорьсоор байгаа нь тэдний эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж байгаад манай байгууллагын гишүүд санаа зовниж байна. Нөгөө талаар өмч хөрөнгө галдан шатаасан, устгасан үйл ажиллагаанд тэд оролцсонгүй. Иймд тэднийг шалгах шаардлага байгаа бол намын нөхдийнх нь батлан даалтад гаргаж, цагдан хорихгүй байхыг холбогдох байгууллагуудад уриалж байна. Асуудлыг ард түмний эрх ашиг, шударга ёсонд нийцүүлж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллагын гишүүд итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Цахим Өртөө Холбоо ТББ
2008-07-17
Улаанбаатар хот

2 comments:

Anonymous said...

oo harin tiim mopngold uneheer aimaar yum bolloo bi ch ter door ni uzeed uilaad l suusan oor ch endees yu hiih ve dee mongolchuudaa evtei baij evtei bhdaa bid huchtei shuu dee N&D

Naraa said...

Zuv dugnelt hiisen baina. Magnaig bi baga zereg medne l dee, MUIS-EZS-d manai deed angi bsan. Ih zuv setgeltei, shudarga zaluu. Odoo horigdood barag sar bolj baina, 2 uushig ni ustsan gesen,yaraltai gargahgui bol uhej ch medne.Mash ih haramsch bas sanaa zovj baina