10.26.2008

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд

нэртэй комментарийг одоогоос яг 4 жилийн өмнө Америкийн монголчуудын Даяар Монгол сонинд хэвлүүлж байснаа өнөөдөр PC-гээ ухаж оллоо. Тэр үед БНН-ын үндэсний чуулганыг Fox channel-аар үзээд бичиж байсан санагдана. Харин нөгөө талд алдарт Обама АН-ын үндэсний чуулганаар "үнэхээр бут авсан" илтгэл тавьж байлаа. Хэн ч үл мэдэх Обамагийн 2004 oнд Жон Керриг дэмжиж тавьсан илтгэлийг сонссон хүн болгон түүнийг дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ЁСТОЙ хүн юм байна гэж бодсон юм шүү. Би ч тэгж бодсон. Бурхны тааллаар болдог юм болдогоороо болж Обама ч энэ жил нэр дэвшиж, маш амжилттай явааг харахад сэтгэл тэнэгэр байна. 2004 онд чухамдаа хаанаас хэн гараад ирэв гэмээр гайхамшигтай илтгэл тавьж, улстөрийн жинхэнэ од болсон Барак Обамаг Jay Leno-гийн Late night show-гаар уригдан ороход тэр ингэж ярьсан нь санаанд тод үлджээ: 2000 онд мөнгөгүй ажилгүй байсан Обамаг найз нар нь чи юутай ч болсон Los Angeles явж АН-ын National Convention-руу оч, хүн хартай уулз гэж зөвлөжээ. Ингээд LАX-ын онгоц буудалд буугаад түрээсийн машин авах гэтэл бүх зээлийн картын нь лимит дууссан буюу 0 заасан байжээ. (LA-д бол машин унахгүй л бол бүх газар нь тийм хол газар л даа. Такси болохоор хэт үнэтэйдсэн биз.) Аргаа барсан мань хүн банк руу утасдаж зээлийн картынхаа мөнгөний лимитийг өсгөв. Ингээд жаахан мөнгөтэй болсон мань хүн машин түрээслээд 2000 оны АН-ын үндэсний чуулганыг Лос Анжелесын Staples center (нөгөө LA Laker's ийн дэвжээ) -т үзэхээр очжээ. Гэтэл мандат ч байхгүй байсан түүнийг хамгаалагчид үл нэвтрүүлсэн тул Staples center-ийн эрчүүдийн 0-ын өрөөн дахь телевизээр АН-ын үндэсний чуулганыг анх үзсэн гэдэг. Сонин юм шүү, тэр үед 0-ын өрөөнд зогсохдоо мань хүн чухамдаа дараагийн үндэсний чуулганаар тэр өндөр индэрээс улс орныг доргиосон илтгэл тавьж итгэл найдварын од болохоо мэдэж байсан болов уу? Мөн 8 жилийн дараа болох үндэсний чуулганаар өөрөө АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд явах юм чинээ санасан болов уу?

Обама бол миний мэдэх хамгийн гайхамшигтай хүмүүсийн нэг билээ. Ерөнхийлөгч болно байх аа гэж би дотроо залбирч байна. Ингэхэд Обама ерөнхийлөгч болох эсэх нь дэлхийн нөгөө бөөрөнд суугаа бидэнд хамаатай гэж үү? Well, дэлхийн шинэ удирдагч хэн болох нь бидэнд хамаатай. Обамагийн санал болгож буй дипломат бодлого Монгол улсын эдийн засагт ч хамаатай. Тэр тусмаа залуу хүмүүст Audacity of hope -ыг энэ хүн бэлгэддэг билээ.

Ажлын минь нэг анд АНУ-ын сонгууль яаж явагддаг тухай асуусанд хариу болгох үүднээс амбасан үеийн нэг бичвэрээ энд орууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ямар маягаар явдаг гэдгийг сонирхож буй бол нийтлэлийн доор буй Сонгуулийн коллегийн тухай хэсгээс уншаарай. Ажлын шинэ долоо хоногт тань амжилт хүсье!


АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль буюу улс төрийн эргэн тойронд
Д. Сайнбаяр /Чикаго/ 2004-9-5 - Даяар Монгол сонин

Өнгөрсөн долоо хоногт дөрөв хоног Нью-Йoрк хотын Мадисон Скүар Гарденд үргэлжилсэн АНУ–ын ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганыг эсэргүүцэж тус хотод ойролцоогоор 500 мянган иргэд жагсаал цуглаан хийсэнтэй холбогдуулж Нью-Йoркын 36000 цагдаа нар өдөр шөнөгүй ажил үүргээ гүйцэтгэжээ. Мөн Жорж Бушийн засгийн газрын гадаад, дотоод бодлогыг эсэргүүцэж өөр өөрийн гэсэн өвөрмөц маягтай эсэргүүцлийн жагсаал, цуглаан өрнөж 1800 орчим хүн баривчлагдав. Зарим нь энх тайвныг бэлэгдэн гэрэл асааж, дайныг эсэргүүцэн дайнд алуулсан мэт гудамжинд хэвтэж, зарим нь Жорж Бушийг эсэргүүцэн шог ая дуу зохион дуулцгааж, усны хувцастай бүсгүйчүүд дотоожин дээрээ эсэргүүцлийн үгс бичицгээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгуульд өрсөлдөгч намууд намынхаа үндэсний чуулганыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай. Уг чуулганы үеэр намууд намынхаа чиг шугам, хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид нь намынхаа нийт дэмжигчдийн сонголтыг хүлээн авснаа албан ёсоор нийтэд зарлах ёстой боловч үнэн хэрэгтээ сонгуулийн маш их шуугиан дэгдээсэн компанит ажил болон хувирч, олон нэртэй улс төрчид чөлөөт индэр дээр сонин гайхалтай илтгэл тавьж, эсрэг намынхаа нэр хүндийг унагах том чуулган болдог. Мэдээж хуучны адил АН, БНН-ын чуулган маш шуугиантай болж өнгөрөв. Зарим телевизийн сурвалжлагчид аль нам нь олон шаар хөөргөсөн бэ гээд маргах нь хөгтэй.

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд үндэсний аюулгүй байдал, террoризмийн эсрэг тэмцэл, Иракийн дайн, гадаадынханд алдаж буй дотоодын ажлын байр болон эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, татварын бодлого, даатгалын систем, боловсрол гэх мэт асуудлууд компанит ажлын гол цөм болсон чухал сэдвүүдийн тоонд орж байна. Харин бусад улсын ерөнхийлөгчийн сонгуулиас ялгарах нэг зүйл ажиглагдсан нь АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч нь улс орны дотоодын асуудал гэхээс гадна дэлхийн энх тайван, эрх чөлөө гэж дэлхий нийтийн эрх ашгийн өмнөөс үг хэлж зогсох нь аргагүй л том орны том удирдагч юм даа гэж бодогдмоор.

***

Таван долоо хоногийн өмнө болсон Ардчилсан Намын үндэсний чуулганы дараа олон агентлаг, хэвлэл мэдээллийн албанаас сонгуульд АН-ын Жон Керригийн төлөө санал өгөх сонгогчидын тоо нэмэгдсэн эсэхийг тооцох санал асуулга явуулахад онцын өөрчлөлт гараагүй буюу Жон Керри нэгээс хоёр хувиар тэргүүлсэн хэвээр байв. Харин БНН-ын чуулганы дараа Тайм сэтгүүлийн явуулсан санал асуулгад оролцогчдын 52% нь Жорж Бушд, 41% нь Жон Керригийн төлөө саналаа өгнө гэж гарлаа. Энэ нь өнгөрсөн хавраас хойш эхэлсэн хоёр намын сонгуулийн компанит ажлын дүнд хамгийн хол зөрүүтэй гарсан санал асуулгын дүн болж байгаа юм.

БНН-ын чуулганд Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварценнегер, сенатoр Жон Маккэйн, Нью-Йорк хотын амбан захирагч асан Рюди Жулиани, дэд ерөнхийлөгч Дик Чени, ерөнхийлөгч Жорж Буш нарын илтгэл олон хүнийг байлдан дагууллаа. Гэтэл Жоржиа мужийн амбан захирагч асан, АН-аас сонгогдсон сенатoр Зэлл Миллер өөрийн намаас нэр дэвшигдсэн Жон Керригийн эсрэг БНН-ын чуулганд ирж илтгэл тавьсан нь энэ чуулганы гол сенсаци боллоо. Тэрээр илтгэл тавих тавихдаа бүр маш их эрч хүчтэй, уран илтгэл тавьж, илтгэлдээ Жон Керригийн хамаг муу муухайг илчлэх зорилго өвөрлөж, Жон Керригийн улс төрийн нэр хүндийг унагаах маш хатуу ширүүн үгсийг Америкийн өмнөд мужийн аялгаар хэлж, шүд зуусан уур омгоор хайр найргүй довтолж байлаа. Тэгээд ч тэр санасандаа хүрсэн нь олон хэвлэл мэдээллийн агентлагаас гаргасан судалгаанаас харагдаж байна. Зэлл Миллер хэлсэн үгэндээ “…Жон Керри бол ерөнхийлөгчийн албан тушаалд тохирохгүй ямар ч туйлбаргүй этгээд… АНУ -ын үндэсний аюулгүй байдлыг НҮБ бус АНУ, Парис бус Вашингтон шийдэх ёстой…” гэж ярьлаа. Ямартаа ч Жорж Буш, Дик Чени нар илтгэлээ тавихаас өмнө АН-ын нэр хүндтэй сенатoраар өөрийнх нь намаас нэр дэвшиж буй Жон Керрийг сайн муулуулж, Жон Керригийн нэр хүндийг унагаах гол зорилгоо гүйцэлдүүлж “замаа засаад” авсан нь маш ухаалаг алхам болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

***

БНН–ын үзэл баримтлал нь чөлөөт зах зээлт капитализм, үндэсний үзэл, шашинлаг сэтгэлгээ, консерватив, милитарист үзлээр томъёологддог. Билл Клинтоны засгийн газар төсвийн арвин нөөцтэй, эдийн засгийн тогтвортой улс орныг Жорж Бушд хүлээлгэн өгсөн авч Жорж Буш одоогийн байдлаар олон тэрбум долларын төсвийн алдагдалтай ажиллаж байгаа билээ. Хэдийгээр сүүлийн нэг жилд шинээр 1.7 сая хүн ажилд орсон авч, Буш засгийн эрхэнд гарснаас хойш 1 сая орчим хүн ажлаа алдсан хэвээр байна. 9 сарын 11-ний явдлаас хойш Америкийн эдийн засаг уналтанд орж, Иракийн дайнд асар олон тэрбум доллар зарцуулсан, дээр нь иргэдийн орлогын татварыг багасгаснаас төсвийн алдагдалд орж байна гэж шинжээчид үздэг. Гэтэл Жорж Бушийн эдийн засгийн бодлого бол том, дунд оврын бизнесийн орлогын татварыг багасгаж, Америкийн том корпорациуд, баячуудын татварыг хөнгөлснөөр олон хүний ажлын байрыг хамгаалах, нэмэгдүүлэхэд чиглэсэн үзэл баримтлал юм. Харин АН-ын Жон Керри энэ бодлогыг эрс буруушааж, гадаад бодлого, дотоодын эдийн засгийн бодлогыг өөрчлөх зорилттой байгаа юм. Жон Керригийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт хүн амын хамгийн баян чинээлэг 2% буюу жилийн 200,000 доллараас дээш орлоготой хүмүүсийн татварыг Бушын засгийн эрхээс өмнө байсан тэр хэмжээнд буцаан нэмэгдүүлж ядуу, дундаж орлоготой иргэдийн татварыг хөнгөлөх бодлого баримталж байгаа билээ.

Жон Керригийн нэр хүндэд том цохилт болж байгаа сэдэв бол түүний Сенатад байх хугацаандаа үндэсний аюлгүй байдлын асуудалтай холбогдсон хууль, тогтоомжинд өгсөн олон саналын тайлан юм. Хэдийгээр түүнийг Патриот актыг (Patriot Act) гаргахад дэмжиж санал өгсөн боловч одоо Иракийн дайныг буруушааж байна гэж БНН-ын улс төрчид гуйвуулга хийж “хоёр нүүртэй улс төрч” гэж цоллон олон түмний бодлыг өөрчлөх тактик хэрэглэж байгаа. Харин Жон Кeрри бол “Жорж Буш ард түмнийг хуурч Иракын дайнд оруулсан. Иракийн дайнд олон улсын дэмжлэгийг хүлээн аваагүй учраас олон улсад АНУ-ын нэр хүнд асар ихээр унасан” гэж БНН-ын дипломат бодлогыг шүүмжилж байгаа юм. Анхлан Жорж Буш Иракын дайнд 1 тэрбум доллар зарцуулна гэж мэдэгдсэн авч, одоогийн байдлаар 200 орчим тэрбум доллар зарлагадаад байгаа юм. Иракын дайнаас хойш дэлхийн олон улсын ард түмний дунд явуулсан судалгаанаас үзэхэд Жорж Бушийн нэр хүнд маш муудаж, АНУ-ын түүхэн дэх олон улсад хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болж тодроод байгаа нь АН-ын сонгуулийн компанит ажилд их хэрэг болох баримт болжээ.

АН-ынхан Жон Керригийн санал буурсан үзүүлэлтийг түр зуурийн үзэгдэл гэж үзэж байна. Хэдийгээр Жон Керри олон нийтийн саналаар үзүүлэлт доогуур байгаа боловч сонгуулийн коллегийн дүнгээр бол Жорж Бушаас илүү үзүүлэлттэй байгаа. Харин БНН-ынхан дараагийн сонгуульд хэний нэрийг дэвшүүлэх вэ гэж зарим телевизийн сувгаар маргаж, өөрснийгөө ялсан мэт ард түмний сэтгэл зүйд нөлөөлөхийг хичээж байна. Ямар ч байсан 9 сарын 30-нд Флорида мужид эхлэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд олонд нээлттэйгээр гурван удаа явагдах халз мэтгэлцээний дараа олон зүйл тодорхой болох биз ээ.

* Сонгуулийн коллегийн тухайд

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бол үндэсний хэмжээнд явагддаг цорын ганц сонгууль авч шууд бус сонгууль гэдгээрээ олон орны ерөнхийлөгчийн сонгуулийн системээс онцлог ялгаатай юм. АНУ-ын Конгресс дахь Сенатын танхимд нийт 100 гишүүд буюу муж бүрээс 2 сенатoр, харин Төлөөлөгчдийн танхимд 435 гишүүн буюу муж бүрийн хүн амын тооноос шууд хамаарсан төлөөлөлтэй байдаг. Сонгуулийн коллегийн (Electoral college) гишүүдийн тоо муж тус бүрээс сонгогдсон сенатoрын тоо, Төлөөлөгчдийн танхимын (House of Representatiүes) гишүүдийн тоо, мөн Колумбын дүүргийн одоогийн 3 гишүүд буюу хамгийн цөөхөн төлөөлөгчтэй мужаас илүүгүй тооны гишүүдээс бүрдэнэ. Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нийт 538 сонгуулийн коллегийн гишүүд оролцох юм. Сонгууль мажоритар системээр явагддаг тул сонгуулийн коллегийн гишүүдийн хамгийн олон санал буюу 270-аас дээш санал авсан нь ерөнхийлөгчийн сонгуульд ялах юм. Сонгуулийн Коллегийн гишүүдийг муж бүр янз бүрээр сонгодог. Улс төрийн намууд муж тус бүрдээ намын хурал, чуулганаар Конгрессын гишүүн бус хүнийг коллегийн гишүүнээр нэр дэвшүүлдэг. Намын дарга эсвэл ерөнийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй улс төрийн болоод хувийн харьцаатай хүн ч Сонгуулийн Kоллeгийн гишүүнээр сонгогдож болдог. Зөвхөн Майн, Небраска мужаас бусад бүх мужуудад олонхийн санал авсан нам нь сонгуулийн коллегийн нийт саналыг авна. Гэвч үндэсний нийт сонгогчдоос олонхийн санал авсан боловч Сонгуулийн коллегийн дүнгээр цөөн санал авч ялагдсан хэд хэдэн тохиолдол байдаг. 2000 оны сонгуулиар Алберт Гор, Жорж Бушаас 540 мянга гаран сонгогчийн саналаар ( 0.5 гаруй хувийн зөрөөтэй) илүү санал авсан боловч Сонгуулийн Коллегийн саналаар 271-266 гэсэн харьцаагаар ялагдсан. Флорида мужын хамгийн чухал дүүргийн 500 гаруйхан хүний санал тэр жилийн сонгуулийн дүнг өөрчилсөн сонин түүх бий.



3 comments:

Mika said...

Би ч бас Обамаг дэмжиж байгаа. Чадалтай, зөв хандлагатай хүн шиг санагддаг.
Сонирхолтой мэдээлэл бичсэнд данке..

A.Амарсайхан said...

Сонин юм шүү. Ёстой л эр хүн зоригтой бол... гэдэг үг энэ эрд таарна даа.

EnHuuSH said...

Ta daraagiin niitleldee Ebay.com-oos yaj yum hudaldaj awdag talaar bicheech. Mongoloos bolhoor zaal bolomjgui bgaan. tand medeh yum bwal bidentei huwaaltsana u.