5.24.2009

Цэцгээ сайн услахуй буюу сонгууль өгч үзэв

Тийм ээ, 27 хүрсэн хэдий ч өнөөг болтол сонгууль өгөх эрхээ эдэлж үзээгүй би гэж хүн өнөөдөр анх удаагаа сонгууль өгч үзэв. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд яагаад санал өгөх бололцоогоо хасуулсан тухайгаа би СОНГО-УЙЛ ба солгой хоолойтон (2008/12/01) гэж нийтлэлд бичиж сонгуулийн маргааш Өдрийн сонинд хэвлүүлж билээ. Энэ тохиолдол олон мянган залууст тохиолдсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Дунд сургуулийнхаа урлагийн зааланд сонгууль өгөх мөчид сэтгэл их догдолж байлаа. Би анх удаагаа ардчиллын зарчмаар, аль нэг улсын иргэн хүний хувьд сонгууль өгч, төрд өөрийн үзэл санааг төлөөлөх тэр л төлөөлөгчийнхөө төлөө саналаа оруулж үзлээ. Нийгмийн амьтан гэдэг утгаараа бол орчин үеийн нийгэмд нэлээд улстөржүүлсэн өнцгөөс харвал "амьд байгаагаа", "Монгол улсын иргэн гэдгээ мэдэрсэн" ёстой хамгийн сонгодог мэдрэмж байлаа.

АН-аас нэр дэвшигч буюу намайг 8 настай байхад өвлийн дүн хүйтэнд Сүхбаатарын талбайд үг хэлж, өлсгөлөн зарлаж, хувьсгал хийж, миний, бидний амьдралыг өөрчилж өгсөн тэр ах нарын нэг болох хүний нэрийн өмнөх 1 ийн тоог дугуйллаа. Гэхдээ сүүлийн 9 жилд алдагдсан бүх "дугуйлах эрх"-ээ нөхөн авах гэсэн мэт өөрийн мэдэлгүй давхарлан давхарлан зурлаа. Зурлагын тойрог салаа замгүй яг л нэг зураас үүсгэсэн бөгөөд энэ нь арай бүдүүн, энгийнээс илүү тод хар дугуй үүсгэжээ. Бодвол энэ олон удаад би энэ л ах нарын төлөө дугуйлах байсных тэр биз. С.Зориг агсан өнөөдөр байсан бол би түүний төлөө дугуйлах байлаа. Э.Бат-Үүлийн төлөө дуртайяа бахархалтайяа дугуйлах байлаа. Сайн нийтлэлч, сайн сэтгүүлч бус харин зөвхөн Хонхны дуу зохиосных нь төлөө ч С.Цогтсайханы агсны төлөө дугуйлах байлаа. Тэр жил манай тойрогт нэр дэвшээд Буянгийн Жаргалсайханд (одоо тэр зүсээ хувиргасан) ялагдсан Баабарт "Бүү март, мартвал сөнөнө" гэж бичсэнийх нь төлөө саналаа өгөх байлаа... Тэд бол америк ойлголтоор бол шинэ монголын founding fathers юм. Надад яагаад АН-ын нэр дэвшигчийг сонгох шалтгаан байсан бэ гэж асуувал надад түмэн шалтгаан бий. Хамгийн энгийн нэг тайлбар гэвэл тэд ядаж л ардчилсан хувьсгалыг анх санаачилснаар тогтохгүй, гар бие оролцон хийсэн бөгөөд харин тасалгааны цонхоор Энхбаяр шиг харж зогсоогүй билээ. Ерөөсөө л энэ. Аливаа үйл хэрэгт анхдагч, анх бүтээн байгуулалцсан, анх санаачилсан хүмүүст илүү гүн итгэл үнэмшил, илүү идэвхи, санаачлага, зүрх зориг, гал халуун эрмэлзэл байдаг гэдэгт би итгэдэг. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржид алдаа оноотой зүйл байхыг үгүйсгэхгүй ээ! Гэхдээ тэр хүний нийгэмд оруулсан хувь нэмэр, түүхэнд байгуулсан гавьяа нь түүнээс хавьгүй их юм шүү залуус аа. Өр тэглэх, Мянганы зам тавихыг санаачлахаас илүүтэй бүхэл бүтэн нийгмийн ахуй, сэтгэлзүйн хувьсгалыг хийнэ, эхлүүлнэ гэдэг бол түүхэнд олон тохиолдох эд биш юм аа! Бусад бүх асуудал бол дараахи, хоёр дахь зүйл юм. Ямарваа юм үндэсээсээ, язгуураасаа хамааралтай байдаг билээ. Нийгмийн баялгийн шударга хуваарилалт болон шударга шүүх г.м олон зүйлсийн олон шалтгаан, тайлбар бий ч ингээд зогсоё.

Ямартаа ч энэ жил гадаадын 10 аад оронд сурч, ажиллаж, амьдарч буй анд найз нартайгаа нийлж уриалга гаргаж, тухайн оронд буй монголчуудын хамгийн ихээр ордог вэбүүдэд баннер тавьцгааж, мөн Вашингтон, Токио, Лондон, Сан-Франциско хотод хийгдсэн видео бичлэгээр дамжуулж гадаадад суугаа найз нар маань сонгууль өгч чадахгүй ч гэсэн дуу хоолойгоо ард түмэндээ хүргэлээ. Бидний хийсэн уриалгыг өдөр тутмын томоохон сонин хэвлэл, вэб порталууд хэвлэж, видеог бараг бүх телевизийн сувгаар 3 хоног дамжуулсан юм.

Мөн Цахим Өртөө Холбооны зүгээс АН-ын удирдлагатай гэрээ хийж 2012 он гэхэд гадаадад суугаа 150,000-200,000 монголчууд буюу нийт сонгогчдын 10-15% сонгуулийн эрхээ эдлэх бололцоогоор хангагдана гэсэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь уг асуудлыг шийдүүлэхийн тулд олон жил зүтгэсэн Цахим Өртөө Холбооны нөхдийн маань хувьд томоохон амжилт болж чадлаа. Энэхүү сайн мэдээ АН-ын дэмжлэгтэйгээр мөн л монголын бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүр дуулиантайгаар хэвлэгдэж олонд хүрсэн нь гадаад дахь Монголчуудын сонгуулийн эрхийн асуудал, үүний ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй улстөрийн хүчин, төрийн өндөрлөгийн анхаарлын төвд асуудлыг дахин сөхөж, олон нийт - масст public awareness болж, мэдээлэл түгээх ач холбогдолтой үйл хэрэг боллоо.

Ямартаа ч гадаадад суугаа монголчууд, Цахим Өртөө Холбооныхон бид энэ удаагийн сонгуулиар зүгээр суусангүй. Иргэний идэвхи санаачлага гаргаж, хамтын дуу хоолойгоо нийтлэл, баннер, видео гээд боломжит бүх хувилбараар чадах хэрээрээ илэрхийлж, хандив цуглуулж, гар бие оролцож, иргэний үүргээ сайн биелүүллээ.

Маргааш сонгуулийн дүн гарна. Харумафужи ялсан шиг Монголд шинэ хүч төрөн ирэх байх гэдэгт огтхон ч үл эргэлзнэм. Сонгуулийн дүн яаж ч гарсан байлаа гээд 2012 онд гадаадад суугаа Монголчууд сонгуулиа өгөх болтугай! Нэг л өдөр бүгдээрээ зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдарцгаах цаг ирэх биз ээ.

Өчигдөр ойрд завгүй уулзалдаагүй өөрийн эрхэм анд нартай үүр цайтал нэгний нь зоогойд суунгаа ертөнцийн түмэн сэдвээр хангалттай буу халж, мэтгэлцэж, үүр цайлгав. АН, МАXН-ыг идэвхийлэн дэмжигчид ч байв. Мань мэт шиг нам бус ч хүмүүс байв. Харин бид нэг л зүйл дээр бат ноттойгоор санал нэгдсэн юм. Гол нь сонгууль шударга болоосой! Аль намд байх нь яахав ээ, гол нь жанжин шугамаасаа бүү хазаагаасай гэж! МАXН-д байгаа найз нартаа, дотроос нь сайн цэвэрлээрээрэй, эрүүлжүүлээрэй гэж, АН-д байгаа найз нартаа дотроо улам нягт, зохион байгуулалттай, жанжин шугамаасаа хазайхгүй ажиллаарай гэж захив.

Ардчилал, шударга ёс, эрх чөлөө мандтугай! Гол нь ингэж хэлэхээс гадна бүгдээрээ дор бүрнээ энэ зүйлсийг арчилж, хамгаалж, дээдэлж явья! Яагаад гэвэл энэ бол сайн л усалж байхгүй бол амархан хатдаг дэлбээтэй цэцэг мэт болохыг бидний эргэн тойронд болж буй бүх зүйл бэлхнээ нотлон харуулсаар ирэв. Тэртээх 20 жилийн өмнө өвлийн хүйтэнд гадаа хонон байж Ардчиллын үүд хаалгыг Танд, надад нээж өгсөн Founding fathers-т БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.

Маргааш биднийг шинэ өглөө угтана!

8 comments:

Erin M.Tulgat said...

Сайнбаяраа, чи маш сайн ажилласан шүү. Бид үнэхээр сэтгэл зүрхээрээ энэ сонгуульд оролцлоо. Токиод цугласан залуус ч үнэхээр сэтгэлээсээ хүрч ирээд, дэмжлэг дуу хоолойгоо хүргэж байлаа. Хүмүүс үнэхээр шударга ёс, өөрчлөлтийг хүсч байна (мэдээж бүх хүмүүс биш, одоогийн систем өөрт нь ашигтай, таарч тохироод байгаа хүмүүс бол мэдээж хүсээгүй байх). Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан арав гаран жилийн туршид хуримтлагдсан авилга, дарангуйлал, нийгмийн шударга бус хуваарилалт... энэ бүхнээс Монгол орон залхаж байгаа юм болов уу. Миний хувьд гадаадад байгаа болохоор саналаа шууд өгч чадаагүй ч, бүх сэтгэл зүрх минь манай эх орны хувь заяаг шийдэх энэ чухал сонгуулийн явц, үр дүнг чагнасан байдалтай байлаа.
Яг одоо ямар дүн гарахыг хүлээгээд сууж байна. Монголын ард түмнийг мөнх хөх тэнгэр ивээж явах болтугай.

serdaram said...

Songuuli boldogooroo bolloo. Yr dyn ni yamar ch baisan Yalagdsan ni yalagdlaa shudargaar hyleen zovshoorch, Yalsan ni ongirch, hoshgiruulalgyi ajildaa shuud oroosoi l gej hysej baina. Minii huvid TsUH-doo tsoonhi bolson yum shig baina. AMA yalanguut l songuuli haashaa ergeh ni medregdeed yavchihsan yum. Yer ni MGL-uud bid nar uul us, tengeree hiomorio biye biyendee dagaj duuddag, Gumilyev-iin bichneer Super Ethnos \gavshgai ugsaatan-Akim guian irchuulga shyy. Bitgii Superman shig oilgooroi\ yum bolov uu daa....
"Zereg nemehiin omno" kinonyi Boroldoi shig "Ingeed minii bogdiin hyree orj Galyin haich avchrah ming ongorloo l doo" ....

Gera said...

Сонгууль үнэхээр сайхан боллоо. Сэтгэдэл маш өндөр байгаа.

Gera said...

Их дажгүй бичсэн байна Энхбаяр шиг албан тасалгаанаас хараад суугаагүй гэдэг үг нь бүүр гое болсон байна. Сайн post бичдэг хүмүүс шиг болчих юмсаан. Anyway gd luck!!

Witness said...

Ялсан шүү!

Erkardo said...

Үнэхээр мундаг нийтлэл байна. Энэ өөрчлөлтийг хийхэд чиний оруулсан хувь нэмэр багагүй байгаа гэдгийг хэлмээр байна. чамд бас ардчилалын төлөө саналаа өгсөн элэг нэгтнүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

Монгол оронд ардчилалын үнэртэй өөрчлөлтийн салхи сэвэлзэх биш шуурч байна.

ganga said...

Sain aa ene songuulid olon zaluusiig urialj idevhitei oroltson bayar hurgii. Harin neg zuiliig tsaashid anhaarna biz. Ner devshigchid songuuliin surtalchilgaa bohir doromjloliin hemjeend hurtel doosh buusan soyolgui hovch avgai nar shig baisan ni oi gutmaar bailaa. Uuniig ner devshigch anhnaasaa taslan zogsooh baisan yum. Tegsen bol nogoo tal gantsaar bohir toglolt hiihgui tegshiigeed argagui erhend bolovson boloh bailaa. Daraa daraagiin songuulid humuusiig zov metgeltsdeg bolgoh tal deer zaluus anhaarlaa handuulna biz ee.

B.Jamts said...

Unshlaa. Sonirholtoi bolj. Ter gadaadad baigaa mongolchuudyn songuuliar hiisen ajil bol ch uneheer baharhaj bolohoor ajil bolson l doo. Tuuhend oroh uil yavdal bolsoon.

Harin ter Hramofujigiin huvid bol jaahan huuli zoerchson yum garah shig bolson. Songuuliin oedor namhan nuruutai huen sumod yalsan ni songuulid ch gesen namhan nuruutai huen yalahyg belegdsen shinjtei tul songuuliin surtalchilgaa bolson. Hamgiin gol ni Mongolyn olon TB-geer songuuliin oedor tsatsagdsanyg ni yaana. Ulsyn moerdon baitsaah gazraas Haramofujiid huerch chaddagui yumaa gehed ter TV -nuudiig duudaj asuuh bolov uu, yaah bol geed l bodogdoj l baina lei. Yaah gej namhan huen sumod turuulj baigaag TV geer gargav geed l . . . :)