9.06.2013

Азийн зуунд тавтай морил

Залхуурахаараа гэрийн хажуугийн ази зоогойноос carry-out захиалдаг билээ. Тогооч нь миний захиалдаг curry-ны сүмсийг хэнээс ч илүү сайн тааруулж хийдэг хятад тогооч. Хэд хоногийн өмнө ортол ууттай хоолон дээр минь бурам нэмжээ. Юу билээ гээд гайхан хартал 60 жилийн ойд зориулсан хүлээн авалтынхаа ширээг бурмаар чимсэн гээд даруухнаар инээмсэглэлээ. Хариад зурагт асаатал BBC-гээр БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан сүр дуулиантай жагсаалыг харуулж байна. 1949 оны 10 сарын 1-нд албан ёсоор БНХАУ хэмээн тунхаглагдаж, дэлхийн 5 хүн тутмын 1-ийг дээвэртээ багтаасан энэ их гүрний нэн шинэ түүхийг Мао Зэдун, Дэн Сяопиний үе гэж 2 л хуваадаг байсан бол одоо 3 дахь үе нь яах аргагүй иржээ. Таван жилийн өмнө Fortune сэтгүүлд алдарт Jeffrey D. Sachs гуай Welcome to the Asian Century гэж маш сонирхолтой нийтлэл бичсэнийг тухайн үед Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлд орчуулан хэвлүүлж билээ. Хожим монголын хэд хэдэн сонин, сэтгүүлд олон дахин хэвлэгдсэнийг (гүүглдэж үзтэл бас олон вэб блогуудад тавьсан бна) бодоход цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдаагүй онцгой сэдэв гэлтэй.

Ш.Баатар ах энэ сэдэвтэй холбогдуулж Хятад улc байгуулагдсаны 60 жилийн ойн эргэн тойронд төрсөн бодол гэж сонирхолтой нийтлэл бичсэн байна лээ. Орж сонирхоорой. Өнгөрсөн хугацаанд монголчууд бидний "урилгаар" маш олон хятадууд хууль бусаар ажиллаж байгааг бид сайн мэднэ. Хятадуудад хандах монголчуудын "хандлага" өөрчлөгдөхөөс бид байнга сэргийлж төрийн хар хайрцагны бодлого улам чанд, амьдралд илүү сайн хэрэгжиж байх хэрэгтэй. Гол нь "хандлага" өөрчлөгдөөд байна. Их эзэн хаан маань "Өмнө зүгт Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай" гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх аа. Мянга мянган жил хоорондоо дайсагналцаж ирсэн Хятад, Монгол хоёр! Сансраас дэлхий дээр харагддаг цорын ганц бүтээн байгуулалт болох хэдэн мянган бээр үргэлжлэх Цагаан хэрмийг хятадууд биднээс айж босгосон гэж бодохоор л хоёр орны харилцаа ямар байсан нь ойлгомжтой. Гэхдээ Ричард Никсоны амыг Баабар гүүш мөн сайн барьсан байдаг даа!

Нийтлэлийг зав гаргаж уншаарай, уг нь яг Fortune сэтгүүл дээр байдаг нийтлэлийн хажууд байдаг зураг нь бол аймаар. Ямартаа ч энэ зуун Азийн, тэртусмаа Хятадын зуун болно гэсэн Жэффри Сакс гуайн үг үнэний ортой болох нь өдөр өнгөрөх тусам нотлогдсоор байна. Хятад тогооч нар хоол хийхдээ гаргууд, одоо хоол хийх байтугай дэлхийн хамгийн шилдэг машин, компьютер, сансрын пуужинг хийгээд эхэллээ... Гэхдээ хамгийн том хил хязгаараар нийлсэн хойд хөршийн нь хувьд
өндөр хурдтай эдийн засгийн өсөлтөөс бид юуг нь зулгааж авч үлдэх вэ? Мөн юунаас нь болгоомжлох вэ? Зүгээр л нэг импортлогч нь байсаар байх уу?
-------------

Азийн зуунд тавтай морил

Хятад улс, магадгүй Энэтхэг улс 2050 он гэхэд АНУ-ын улсын эдийн засгийг гүйцэж түрүүлнэ.

Жэффри Д. Сакс - Колумбын Их Сургууль

АНУ түншдээ ч, дайсандаа ч дэлхийн хамгийн хүчирхэг орон. Францууд АНУ-ыг хэт хүчирхэг орон гэж ярьдаг. Неоконсервативчууд Америкийг шинэ цагийн Ром ч гэдэг. Гэтэл аль аль нь АНУ-ын ноёрхол, удаан хугацаагаар тэргүүлэх чадварыг хэтрүүлж хэлсэн хэрэг юм. Америкийн хүч чадал технoлoгийн өндөр хөгжилд тулгуурладаг боловч энэ нь дэлхийн аль ч улс оронд мөн адил хөгжсөөр л байгаа салбар. Хятад, Энэтхэгийн эдийн засаг АНУ-ынхаас харьцангуй жижиг ч цар хэмжээгээрээ энэ зууны хагас гэхэд Хятад Америкаас түрүүлж, Энэтхэг Америктaй тэнцэж ирж тун магадгүй байна. Дэлхийн эдийн засгийн төвлөрөх хүч Азид шилжих үед АНУ-ын эдийн засгийн давамгайлал буурах нь эргэлзээгүй үнэн юм.

Худалдан авах чадвараар харьцуулж үзвэл одоогоор АНУ-ын эдийн засаг 10.7 триллион ам. доллараар Хятадаас (6.3 триллион ам. доллар) бараг хоёр дахин, Энэтхэгээс (3.6 триллион ам. доллар) гурав дахин хүчтэй байна. Нэг хүнд ногдох орлогоороо (per capita income) АНУ Хятадаас 8 дахин, Энэтхэгээс 11 дахин их байгаа нь Азийн энэ хоёр улсын хэт олон хүн амын тооноос тодорхой хэмжээгээр хамаарч байгаа хэрэг. Хятад, Энэтхэгийн нэг хүнд оногдох орлогын хэмжээ АНУ-ынхаас илүү хурдан өсөх хандлагатай байгаа нь амьжиргааны түвшингийн зөрүүг багасгаж, улмаар энэ хоёр улс АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлэх бололцоог нээж байна.

Хятад, Энэтхэг мэтийн ядуу эдийн засагтай орнууд улс төр, эдийн засгаа сайн удирдан жолоодож чадвал бусад баян улс орнуудаас илүү хурдан хөгжих хандлагатай байдаг. Ядуу орнуудын хөгжлийн хоцронгуй байдал нь эргээд тэргүүлэх эдийн засагтай орнуудаас know-how (ямарваа зүйлийг хийж бүтээх мэдлэг туршлага. Орч.) импортлох давуу талыг бий болгодог. Энэ нь капиталын импорт, ар араасаа цувсан гадаадын хөрөнгө оруулалт, эрдэмтэд, инжинeрүүдийн мэргэжил дээшлүүлэлт, сургалтаар бий болдог. Дэлхийн 2-р дайны дараах технологийн хөгжил нь Баруун Европ, АНУ хоёрын орлогын зөрүүг багасгаж, арай ядуу өмнөд Европыг (Грeк, Итали, Португали, Испани улсууд) эдийн засгийн орлогоор нь Хойд Европын баян хөршүүдтэй нь ойртуулж өгч байсан.

Хэрэв хоцрогдож буй орон нь улс төрийн хувьд тогтворгүй, эдийн засгийн буруу удирдлаганд байвал технологийн хөгжилд их саадтай. Энэ бол коммунизмд нэрвэгдсэн Зүүн Европын гол бэрхшээл байлаа. Yүнтэй адил Хятад, Энэтхэг хоёр Дэлхийн 2-р дайны дараах эхний хэдэн арван жилүүдэд Маогийн коммунизм, Нeругийн социализмаас болж эдийн засгаар хурдацтай хөгжих бололцоогоо алдсан. Харин энэ хоёр орны эдийн засгийн хурдацтай хөгжлийн гол түлхүүр нь Хятадад Дэн Сиаопиний 1978 оны эхээр хэрэгжүүлсэн эдийн засгийн либeралчлал, Энэтхэгт Сангийн яамны сайд Мамохан Сингхийн 1991 оноос явуулсан лицeнзний дүрэмд (license raj) хийсэн рeфoрмooс эхтэй билээ.

Одоо энэ хоёр орны эдийн засаг маш сайжирч байна. Хятадын үндэсний нийт бүтээгдэхүүний (YНБ) дүн 1970-аад оны сүүлчээс хойш жил тутам 10%-аар, Энэтхэг улсынх 1991 оноос хойш жил тутам 6%-аар өссөн байхад АНУ-ын жил тутмын эдийн засгийн өсөлт ойролцоогоор 3.5%-тай байна. Гэхдээ Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурдац АНУ-ын орлогын түвшинтэй ойртох тутам буурах юм. Энэ хоёр орон АНУ болон бусад баян орнуудтай технологийн хөгжлийн түвшингээр ойртох тутам технологийн know how-ийг импортлох боломж нь багасна. Эдийн засгийн өсөлтийн удаашрал нь алгуур боловч энэ хоёр орон болон бусад адил нөхцөлтэй улс орнуудын эдийн засаг дараагийн олон арван он жилүүдэд АНУ-ын эдийн засгийн өсөлтөөс илүү хурдацтайгаар өснө.

Экoнoметриксийн нотолгоогоор бол Хятад, АНУ-ын орлогын зөрүү 50%-aaр багасах үед Хятадын эдийн засгийн өсөлтийн давуу байдал нь жил тутамд 1.4%-аар буурна гэж гарч байна. Хятад улсын нэг хүнд ногдох орлого одоогоор АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 13%-тай тэнцэх бөгөөд, Хятадын нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний (YНБ) өсөлт АНУ-ынхаас ойролцоогоор 4.6%-аар илүү хурдтай өсч байна. Харин Хятадын нэг хүнд ногдох орлого АНУ-ын нэг хүнд ногдох орлогын 26%-тай тэнцэх үед, жил тутмын эдийн засгийн өсөлтийн давуу тал 3.2% хүртэл буурна. Мөн цаашдаа ч Хятадын нэг хүнд ногдох орлого АНУ-ын 50%-тай тэнцэж ирэх үед Хятадын жил тутмын эдийн засгийн өсөлтийн давуу тал 1.8% байх төлөвтэй.

Дээрх тоо баримтад түшиглэн урьдчилан тооцоолвол 2050 он гэхэд Хятад улс АНУ-ын нэг хүнд ногдох орлогын хэмжээнд хүрч, 1.4 тэрбум хүн ам нь АНУ-ын тухайн цаг үед хүрэх 400 сая хүн амаас 3.4 дахин их болж таарч байна. Тэр цагт Хятадын YНБ АНУ-ынхаас 75%-иар их байх болно. Мөн дурьдсан тооцоогоор Энэтхэгийн нэг хүнд ногдох орлогын өсөлт АНУ-ынхаас 4%-аар илүү гэж үзвэл, 2050 он гэхэд АНУ-ын нэг хүнд ногдох орлогын түвшингийн 25%-аас бага зэрэг давж, бараг дөрөв дахин их хүн амтай энэ орны эдийн засгийн хэмжээ АНУ-ынхтай тэнцэж ирэх юм.

Мэдээж дайн дажин, халдварт өвчин, улс төрийн тогтворгүй байдал болон эдийн засгийн буруу бодлого, эсвэл хүн амын өсөлтийн өөрчлөлт энэхүү таамаглалыг маань зөрчиж болохыг үгүйсгэхгүй. Гэвч АНУ-ын дэлхийд эзлэх эдийн засгийн байр суурь, эрх нөлөө буурч, Хятад улс, мөн магадгүй Энэтхэг улсад байр сууриа алдах чиг хандлага хүчтэй илэрч байна. Хятад, Энэтхэг болон бусад Азийн хурдтай хөгжиж буй эдийн засагтай орнууд технологийн хөгжлөөр гүйцэж түрүүлэхийн тулд R&D-д (Research and Development - Судалгаа шинжилгээ ба Yйлдвэрлэл. Орч.) үндэсний эдийн засгийнхаа нэлээд хувийг зарцуулж байгаа тодорхой баримтан дээр тулгуурлаж энэ таамаглалыг дэвшүүлж байна.

Мөн түүнчлэн АНУ нь зөвхөн Хятад, Энэтхэг улсаас гадна, өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Зүүн Хойд Азийг холбосон Азийн нэгдмэл эдийн засагтай нүүр тулж байна. Азийн олон орон худалдаа, санхүү, технологийн төвлөрсөн хангамжийг бий болгохын тулд өнгөрсөн үед хийсэн стратегийн алдаагаа нөхөхийг хичээж байна. Одоогийн чиг хандлага, барагцаалсан тооцоогоор бол дэлхийн хүн амын 60%-ийг эзэлсэн хүн амтай Азийн энэ нэгдмэл эдийн засаг дэлхийн YНБ-ний тал хувийг эзлэх төлөвтэй. (Одоогоор дэлхийн YНБ-ний гуравны нэгийг эзэлдэг) Гэтэл АНУ-ын дэлхийд эзлэх хүн амын тоо 5% хэвээр үлдэж, худалдан авах чадвараар дэлхийн YНБ-ний тавны нэгээс илүү хувийг эзэлдэг эдийн засаг нь 2050 он гэхэд түүнээс хоёр дахин бага хувь эзлэх төлөвтэй байна.

Эдийн засгийн үүднээс авч үзвэл АНУ нь Дэлхийн 2-р дайны дараах Баруун Еврoпын эдийн засгийн нөхөн сэргэлтээс ашиг олсны нэгэн адил энэхүү үйл явцаас ашиг олох магадлалтай. АНУ-ын хэрэглэгчидэд Азид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гайхалтай өргөн сонголт, хямд өртөг үр өгөөжөө өгнө. Азиас түгэх шинжлэх ухаан, технoлoгийн дэвшилийн хурдацаас дэлхий нийтээрээ л ашиг хүртэх юм. Сүүлийн жилүүдэд гарсан нэг сонирхолтой жишээ дурдья. Хятадын эрдэмтэд уламжлалт анагаах ухааны аргаар Африк, Зүүн өмнөд Азийн сая сая хүний амийг аврах хумхаа өвчний эсрэг эмийг ургамалаас гаргаж авч чаджээ. Хэрвээ АНУ-д эс нөхөн төлжүүлэх болон бусад биотехнoлoгийн судалгааны хөгжилд шашин, үзэл сурталын байр суурь саад болвол Азийн чаргуу эрдэмтэд энэ салбарт маш түргэн хугацаанд тэргүүлж дөнгөх юм.

Улс төрийн байр сууринаас авч үзвэл шинэ цагийн Ром гэгдэгч АНУ-ын биеэ тоосон тэр дүр төрх замхарч үгүй болно. Энэ намар Ерөнхийлөгч Буш Ази-Номхон Далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцохоор Азид айлчлахад, олон улсын тавцанд АНУ-ын байр суурь алдагдаж байгааг бид хальт мэдэрсэн билээ. АНУ Хятадын валютын ханшны бодлогыг шүүмжлэх гээд Азиас хамтрах түнш эрсэн боловч Азийн бусад улс орнууд бүгд Хятадын талд байсан тул амжилт олоогүй. Азийн хөрш орнууд Хятад улсыг тэдгээр улс орнуудын хөгжлийн гол хөдөлгүүр нь гэж сайн ойлгосон тул Хятадын эдийн засгийн дипломат бодлого АНУ-ыг ийнхүү маданд оруулжээ.

Азийн хөгжиж буй орнууд хөгжил цэцэглэлтийнхээ төлөөх замд бүдэрч ч болохыг үгүйсгэхгүй бөгөөд AНУ-ын зарим шинжээчид Азийн энэ давшингуй хөгжил ямар нэгэн байдлаар тогооноосоо халихгүй байх гэж горьддог билээ. Хэдий тийм ч бид бүгдээрээ нэг завин дээр яваа тул ямарваа нэгэн Азийн хямрал болвол тэр нь бүхэл бүтэн дэлхийг хамарч, АНУ-ыг ч гэсэн хүнд байдалд оруулж дөнгөх юм. Энэ зууны дунд үед 400 сая хүрэх Америкийн хүн ам Азийн таван тэрбум хүн амыг залбиралдаа багтааж ч дийлэхгүй. Азийн эдийн засгийн амжилтыг энэ хэвээр үргэлжилнэ гэж бодвол, 21 дүгээр зуун урьд өмнө байгаагүй их хөгжил дэвшил, шинжлэх ухааны хөгжлийн зуун болох бөгөөд харин АНУ энэ удаа дэлхийн дийлдэшгүй, тэргүүлэх гүрэн бус харин дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүдийн нэг болж сурах тийм эрин ирж байна.

Жэффри Д. Сакс бол Колумбын Их Сургуулийн Earth Institute-ийн захирал, Тогтвортой хөгжлийн Куэтэлэт Профeссoр юм.

Source: FORTUNE magazine Vol.149, No. 1 January 12, 2004
Welcome To The Asian Century: By 2050, China and maybe India will overtake the U.S. economy in size
By Jeffrey D. Sachs


Хөрвүүлсэн Д. Сайнбаяр (Чикаго)
Замдаан сэтгүүл 2004 он

4 comments:

Ш. Баатар said...

Хятад хүчирxэжиж байгаа нь зарим талаараа ашигтай мэт харагдах боловч Монгол улсын оршин тогтноход цаад утгаараа асар их хор хөнөөлтэй. Ийм монголчууд бид Xятадаас хамаарах хамаарлаа ухаалаг зохицуулах хэрэгтэй болоод байна. Гудамжины гуйлагчнаасаа төрийн тэргүүд хүртэл дотроо нэг юм бодох цаг болжээ Хятад хүмүүсийг олноор Монголд суулгаж Xятадын сонирхлын үрийг Монголд тарих нь их аюултай. Улсын их хурлын нэгэн эрхэм гишүүн 6 -7 жилийн тэртээ бухимдахдаа ингэж байснаас Xятад дагаар орсон нь дээр гэж уурын мунхагт хэлж орхижээ. Тэр гишүүн мэдэж эх орноо худалдая гэж бодох вэ. Харин энэ Xятадын үндсэрxэг үзэлтнүүдэд өгөөш болж одоо болтол хятадын бүх онлайн сайтуудад Монголчууд буцаж нэх орондоо нэгдэх гээд байхад манай төр засаг юу бодож байна вэ гэж бичсээр байна. Хятадын төр засаг үүнийг хорихгүй улам дэвэргэx хадналгатай байна. Дуугуй бол зөвшөөсний тэмдэг гэдэг дээ. Энэ бол монгол хүн болчимгүй алхам хийх нь байтуай болчимгүй үг хэлэх орон зай нь улам хумигдаж байгаа хэрэг. Олны дунд үгээ цэнэ гэдэг эртний мэргэдийн мэргэн үгийг сэтгэлдээн бопдож эрхэм гишүүд маань хариуцлагатай дуугарч байхгүй бол болчимгүй хэлсэн үгний хор хөнөөл хичнээн мүү болохыг эндээс харж болно. Төрийн бодлого жаахан ч юман дээр илэрч баймаарсан. Сайхан нийтлэл бичсэнд баярлалаа.

Anonymous said...

Sh.Baatar-iig demjij bna!!!!!!

Academy said...

үнэн л дээ угаасаа Хятад орон улам хүчихрхэгжинэ гэдэг чинь манай Монгол улсыг залгих аврага том могой л болж байна гэсэн үг. Гэхдээ манайхан ч бас яадгаа алдчихсан тэнэг хүмүүс биш ээ.

Suvd said...

yur ni bol shine zuun ter chigeeree aziinh boloh no odoo bol todorhoi bolchihloo l doo...Enethegiig l har l daa zuvhun IT Software tudiigui buhii l salbar ter dundaa tsereg strategy, zevsegleliin tal deer ch deeshilj garch irj bn shuu dee,,,
Yamar ch bsan Sainaa ahdaa thanx sonirholtoi goy bichleg tavisand....Hyatdiin bodlogoo tsaashdaa mongoliig bagalzuurdah Anakondiin bodlogo bolchih vii dee