1.23.2012

“ХӨХ ГЭРЭГЭ” УРИАЛГА

Монгол туургатнаа урин дуудахын учир

Дэлхийн Mонгол Tуургатны Цахим Өртөө Cүлжээ
“Цахим-Өртөө Холбоо” ТББ

Үндэстнийхээ язгуур эрх ашгийн төлөө сэтгэл
тавигч эрхэм МОНГОЛ ХҮН бүрийн сонорт:


Найман зууны тэртээ монголчууд мандан бадарч, ертөнцийн дөрвөн зүгт жолоо тавин довтолгож, Дэлхийн талыг нэгэн дээвэр дор захиран тохинуулж асан билээ.

Түүхийн хуудас эргэхүйеэ тэрхүү дайчин үндэстэн зайгаа тавьж, улмаар гурван зууны туршид Манжийн ар хормойд нуугдан дэлхийгээс мартагдаж, далан жилийн туршид социалист хөшигний цаана хаагдаж, гал голомт болсон өлгий нутагтаа ам бүл цөөхүүл 21-р зуунтай золголоо.

Өдгөө хүчирхэг өвөг дээдсийн үр сад, мах цусны тасархай болох 10 сая гаран монгол угсаатан дэлхий даяар таран сууж байна. Голомтоо сахиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн туршид орчин үеийн дэлхийн жишгээр улс орноо засан төвхнүүлэх ажилд түүртэхийн зэрэгцээ, зуун хорь гаран мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрийг зорьж, юм үзэж нүд тайлах, хөрөнгө хураан амьдралаа тохинуулах, бас эрдэм мэдлэгийг тээн ирж эх орноо хөгжүүлэхээр одоцгоосон билээ.

Монгол хүн манай үндэстэн нэгэн цул, нэгдмэл хүрээ үүсгэн явсан тэр түүхийг бахархан дурсдаг. Монгол хүн хөх толбот ах дүүсээ эх болсон өлгий нутаг, гал голомтдоо эргээд ирэхийг нь битүүхэн хүлээдэг. Түүхийн туршид, үе үеийн монголчууд зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалж ирсэн хүсэл эрмэлзэл энэ. Бид он удаан цөөхүүлээ, буурай явж ирлээ. Бидний хүч чадал дутмаг байв, чухам үнэндээ унтраагүй гал голомтоо арчлан ноцоохоор завгүй явсан гэж хэлж болно.

Тэгвэл эдүгээ цаг нь иржээ. Монгол улс өнгөрсөн 20 жилд ардчилсан зарчмаар улс нийгмийнхээ хууль эрхзүй, эдийн засгийн бүтэц, төр захиргаагаа төвхнүүллээ. Өөрчлөх, засч залруулах зүйл аанай олон хэдий ч, хөгжлийн маш тодорхой ирээдүй, итгэл найдвар бидний өмнө цэлийж байна. Газрын хэвлийд заяасан баялагийг даган уул уурхай хөгжиж, төмөр зам, барилга хот, аж үйлдвэр, цахилгаан станц гээд богино хугацаанд аварга их бүтээн байгуулалт өрнөх гарааны зурхай дээр бид ирж, хэдхэн жилийн өмнө 600 сая долларт багтаж байсан үндэсний эдийн засаг даруй 6 тэрбумд хүрч, жилдээ ДНБ 20 орчим хувиар өсөх боллоо. Манай хүн ам энэхүү нөр бүтээн байгуулалтыг гүйцэтгэхэд тоо дутаж, харийн мэргэжилтэн, ажилчдыг авчрахаас аргагүй байдалд хүрээд байна.

Хөгжлийн энэ алтан боломжийг ашиглаж, мөнх тэнгэрээс хөх тамгатай заяасан язгуур нэгт монголчуудаа дуудъя, тэдэнтэйгээ Монгол тавилан, Монгол ирээдүйгээ хуваалцая. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” ирэхийг зөгнөсөн бол, эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор уриаллаа. Монгол хүний барааг хараад, монгол хэлээр ярихыг сонсоод нулимс дуслуулан байж угтдаг үндэс угсаа нэгт тэр л хүмүүс тэртээ чинадад суун байна. Тэд гал голомт болсон Монгол улсынхаа хөгжил дэвшил, эрх чөлөөт амьдралын тухай сонсоод баярладаг, тэдэндээ итгэл найдвар тээж явдаг юм. Сэтгэлийн тэр нуугдмал шижмийг амь оруулан биежүүлэх цаг иржээ. Сураг сонсоод уйлж суух бус, суудал засч ирээд хамтдаа хөгжих цагийг бид бүтээх ёстой.

Энэхүү хүсэл зоригоор Дэлхий даяар тархан суугаа монголчууд, монгол угсаатан, монголч түмний мэдлэг туршлага, мэдээлэл солилцооны гүүр болж, тэдний нөөц бололцоог нэгтгэн, эх орондоо чинээлэг хангалуун, сэтгэл дүүрнээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд манлайлж оролцох зорилготой Цахим Өртөө Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн санаагаа цэгцлэн 2011 оны зун “Хөх Гэрэгэ” хэмээх санаачилгыг дэвшүүлсэн билээ. Энэ нь Барууны хөгжингүй орнууд эрдэм боловсрол, мэдлэг чадвартай гадаадын иргэдийг эх орондоо суурьшуулан ажиллуулах зорилгоор ногоон картын системийг өргөнөөр нэвтрүүлсэн байдгаас санаа авсан хувилбар юм. Дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь уръя. Ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино.


Энэ үйл хэрэгт сэтгэлийн хөдлөлөөр хандаж, хялбар сэтгэж болохгүйг та бид сайн мэднэ. Олон зуун жил алслагдсан сэтгэлгээ, хэл яриа, соёлын ялгаа, мөн хүн амын олонд уусан хайлах болзошгүй эрсдлийг тооцохгүй бол горьгүй. Тиймээс дэлхийн монголчуудыг урьж ирүүлэх бодлоготой холбогдуулан Монгол угсаатны талаарх судалгаа шинжилгээг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засаг-улс төрийн эрсдлүүдийг тооцсон бодлогын загварыг гаргах, энэ сэдвээр олон нийтийн өргөн хэлэлцүүлгийг өрнүүлэх, нийгмийн дунд нэгдмэл үзэл баримтлал бий болгох, хууль эрхзүйн зохицуулалтыг хийх шаардлага урган гарч байна.

ҮҮНИЙ ТУЛД:
“Цахим Өртөө Холбоо” ТББ болон Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээний олон мянган гишүүд дэмжигчид 2011 оны 12 сарын 29 ны өдөр дэлхий даяар тархан суугаа Монголчууд, гадаадад суугаа Монголчуудаа эх нутагтаа эргэн дуудсан МУ-ын Ерөнхийлөгч Ноён Ц.Элбэгдоржийн уриалгыг гүн талархалтай хүлээн авч, дэмжиж буйгаа албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ “Хөх Гэрэгэ” төсөлд Монгол хүн бүр нухацтай хандан санаа тавьж, өөрийн зүгээс жижиг гэлтгүй боломжит бүх оролцоог нэмэрлэх, уг төслийн хүрээнд нээсэн www.bluecard.mn вэбхуудас болон бусад сувгаар өргөн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, бодлогын баримт бичиг боловсруулахад хувь нэмэр оруулахыг УРИАЛЖ БАЙНА.

”Хөх гэрэгэ” төслийн хандивын данс: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар: 499 172 343,
Хүлээн авагчийн нэр: "Цахим Өртөө Холбоо" ТББ

2012 он 1-р сарын 23-ны өдөр
-----------
Цахим Өртөө Холбооны тухай

Цахим Өртөө Сүлжээ нь 1999 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон оронд тархсан Монголчууд, монголч түмний мэдээлэл солилцооны талбар болсон хамгийн том, хамгийн ууган имэйл сүлжээ юм. Цахим Өртөө Холбоо нь Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээний гишүүдийн санаачилгаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.

Дэлхийн 60 гаруй улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа 4000 гаруй Монгол болон Монголч түмэн Цахим Өртөө Сүлжээнд хамрагддаг. Одоогоор Монгол улс, АНУ, Австрали, БНСУ, Франц, ХБНГУ, ИБУИНВУ, Швейцари, Япон зэрэг орнууд дахь Монголчуудын холбоод, бүлгэмүүд хамтран ажиллаж байна.

Цахим Өртөө Холбоо нь гадаадад суугаа Монголчуудын сонгуулийн эрхийн асуудлыг хуульчилах, АНУ, БНСУ зэрэг улс орнуудад Ажлын яармаг, Гадаадад суугаа Монголчуудын Анхдугаар чуулган зэрэг Гадаадад суугаа Монголчууддаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Хазара Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, алдарт эрдэмтэн Үмэсао Тадаогийн бичсэн “Могол угсаатныг сурвалжилсан нь” номыг орчуулан хэвлүүлсэн. 1999 оноос хойш Монгол угсаатантай холбогдолтой мэдээ материалуудыг олон түмэнд нийтлэн түгээх ажлуудыг идэвхитэйгээр хийж ирсэн болно.

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу - 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: 976 – 11 – 312920
Имэйл: tsahimurtuuholboo@yahoo.com
Вэб: www.tsahimurtuu.mn

No comments: